250 хүртэл өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг төлөвлөхөөр боллоо

Ц.Чимэдцэеэ
2025-07-09

Хаврын чуулган завсарлах гэж буйтай холбогдуулан хэлэлцсэн хууль, тогтоомжуудаа өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталж байна. Тухайлбал Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын саналыг дэмжин баталлаа.

Тус хуулийн 9 дүгээр зүйл буюу “Монгол Улсын харьяат болох нөхцөл”-ийн 3 дахь хэсгийн “мэргэшил эзэмшсэн,” гэсний дараа “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл” хэмээн нэмж, Монгол Улсын иргэн болох нөхцөлийн өргөжүүлжээ.

Мөн Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын саналыг дэмжин баталлаа.

Тус хуульд 250 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцох тухай заалт нэмэгдэв.

Үргэлжлүүлэн "Нэгдүгээр тойрог зам" байгуулахтай холбоотой “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотойгоор АН 30 минутын завсарлага авлаа.

Учир нь "Өрийн баталгаа гаргах 920 сая доллароор тойрог зам тавина гэсэн асуудал яригдаж байхад өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирээд, өнөөдөр батлах гэж  байна. Гишүүд хангалттай мэдээлэл авч чадаагүй тул тодруулах зүйл байна" хэмээн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe