Х.Тэмүүжин: Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэж асууж, хариулсан жүжиг тавьдаг байсан цаг эцэс боллоо

Ц.Чимэдцэеэ
2025-07-09

УИХ дахь АН-ын бүлэг хаврын чуулганыг хааж буйтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тэд 21 удаа хуралдаж, 62 асуудлыг авч хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд 22 хуулийн төсөл дээр ажиллаж, 13 хууль өргөн барьж, 5 нь батлагдсан талаар Бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав.

Тухайлбал Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн баталсантай холбоотойгоор ийнхүү хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Өнгөрсөн 2 парламент буюу 8 жилийн хугацаанд нэг нам хэт олонх байснаас үүдэн парламентын хяналт, парламентын ардчилал алдагдах тал руугаа орсон байсан. Энэ удаагийн хамгийн том өөрчлөлт бол парламент буюу УИХ гэдэг бол ард түмний төлөөлөгчид. Нийт иргэний ашиг сонирхлын төлөө хууль тогтоохоос гадна тэдний санаа бодлыг илтгэж, байр суурь зөрүүтэй бол мэтгэлцэж, ярилцдаг талбар байх ёстой. Энэ үүднээс томоохон өөрчлөлт гарлаа.

Ерөнхий сайдын мэдээллийн цаг гээд эрх баригч намын дарга юу ярихыг хүсэж байна, юу ярихыг хүсэхгүй байгаа гэдгээрээ цензурдаад, өөрийнхөө ярихыг хүсэж байгаа зүйлээ л УИХ-д орж ирж ярьдаг. Ярьсан зүйлээс нь асуусан болж жүжиг тавьдаг байсан парламентын хэлбэр бол эцэс болж байна.

Одоо бол

  • УИХ-ын гишүүд цаг үеийн тулгамдсан асуудлаараа Ерөнхий сайдаас өөрсдөө асуудаг шинэ дэг рүү орлоо.
  • Парламентад худал ярих, мэдээлэл нуух боломж үгүй болж байна. Хуурах гэж оролдсон, санаатайгаар мэдээллийг нуун дарагдуулсан байх юм бол хариуцлага тооцдог шинэ тогтолцоо бүрдэж байна.
  • Чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд илүү хариуцлагатай болж ирж байна.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Иргэдийн зүгээс хүлээж байсан татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой гол хуулийн төслүүдийг намын бүлгээс боловсруулсан ч Засгийн газар цогцоор шийднэ гэсэн тул хойшлуулсан. Гэтэл Засгийн газар өөрсдийн өргөн барьсан хуулиа буцаан татсан. Харамсалтай нь энэ онд иргэд татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой таатай мэдээ сонсохооргүй боллоо" хэмээж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe