Нөхрөөсөө салаад дөрвөн сар болж буй БНСУ-ын жүжигчин Lee Si-Young жирэмсэн болсноо зарлалаа.
42 настай жүжигчин бүсгүй өөрөөсөө 9 насаар ах залуутай 2017 онд гэрлэн нэг хүүтэй болсон ч 8 жилийн дараа буюу 2025 оны 3 сард албан ёсоор салж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл нөхрөөсөө салснаас хойш 5 жилийн өмнө хадгалуулсан байсан нөхрийнхөө үр хөврөлийг өөртөө шилжүүлэн суулгаж, жирэмсэн болсноо зарлалаа. Ингэхдээ нөхрөөсөө ямар ч зөвшөөрөл авалгүй, үр хөврөлийг нь шилжүүлэн суулгасан байна.
Тэрбээр энэ талаараа Instagram хаягтаа мэдэгдэл хийснийг хүргэж байна.
"Сайн байна уу? Би Lee Si-Young байна. Би жирэмсэн.
Энэ мэдээг цаашид үүсэж болох янз бүрийн таамаг, буруу ойлголтуудаас сэргийлэх зорилгоор урьдчилж хэлж байгаа бөгөөд энэ нь илүү зөв шийдэл гэж бодлоо.
8 жилийн өмнө миний амьдралын хамгийн эрхэм хүн болсон Жон Юныгээ /хүү нь/ олоход би хараахан гэрлээгүй байсан. Мөн олон ч кинонд тоглож байсан үе минь байлаа. Тухайн үед би одоогийнхоосоо залуу, олон зүйлээр дутуу дулимаг байсан. Харин тэвэрт минь ирсэн Жон Юныгаа жил ирэх тусам өсөж томрохыг хараад тэр үеийнхээ айдастай, сөрөг бодол дүүрэн мөчүүддээ харамсаж, өөрийгөө зэмлэж ирсэн.
Тиймээс дахин нэг амьдрал надад ирвэл тэр үедээ хийсэн алдаагаа дахин давтахгүй гэж өөртөө амласан. Би хоёр дахь хүүхдээ тээхээр туршилтын үр тогтоох эмчилгээ хийлгэсэн. Гэвч энэ хугацаанд салах тухай яриа ч гарч эхэлсэн.
Ингээд бид хууль ёсоор салах явцад 5 жилийн өмнө хөлдөөн хадгалсан үр хөврөлийн хадгалах хугацаа дуусах дөхөж байгааг мэдээд сонголт хийх болсон.
Үр хөврөл устахаас өмнө би өөртөө суулгуулах шийдвэрийг гаргасан. Нөгөө тал маань үүнтэй санал нийлээгүй ч энэ шийдвэрийн хариуцлагыг би бүрэн хүлээж, үүрэх болно. Би үргэлж дахин хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Жон Юныг тээж байхдаа гаргасан тоомжиргүй байдлаа дахин давтахыг хүсээгүй. Мөн өөрийн гараар хадгалуулсан үр хөврөлийн хугацаа дуусах гэж байхад түүнийг устгаж зүрхлээгүй. Гэрлэлт амар байгаагүй тэр бүхнийг давах урам зориг маань ганцхан зүйл байсан. Тэр бол надад аз жаргал, найдвар, урам зориг өгдөг тэнгэрийн илгээмж мэт хүүхэд минь.
“Ээж” гэж дуудуулах энэ амьдралын минь оршихуйн утга учир мэт санагддаг. Хүүхэдтэйгээ хамт байх нь л миний амьдралын үнэ цэнэ болсон.
Цаашид олон сорилт, бэрхшээл тулгарыг мэдэж байгаа. Олон талаас нь сайн бодож үзсэн ч миний өнөөдрийн сонголт илүү үнэ цэнтэй гэж итгэж байна. Энэ сонголт миний амьдралын нэг чухал шийдвэр байсан гэдэгт ч итгэлтэй байдаг.
Эргээд харахад миний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс үргэлж хүүхэд минь байсаар ирсэн. Төгс бус энэ амьдралыг минь дүүргэж, хүчгүй үед минь хүч болсон тэр цаг хугацаа өнөөдрийн намайг бүтэн болгосон юм шиг санагддаг.
Одоо надад ирсэн энэ шинэ амьдралд би зүрх сэтгэлээсээ талархаж, урьд өмнөхөөсөө илүү тайван, аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөж байна.
Цаашид надад ирэх шүүмж, зөвлөгөө бүхнийг хүндэтгэлтэйгээр, талархалтайгаар хүлээн авах болно. Одоо ч дутуу дулимаг байгаа энэ биед минь дахин ирсэн хүүхдэдээ талархаж, ганцаараа ч гэсэн хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй өсгөхийн тулд хариуцлагатай, үнэнч амьдралаар цааш алхах болно” хэмээжээ.
Хэдий нөхрөөсөө зөвшөөрөл авалгүй үр шилжүүлэн суулгасан ч БНСУ-ын хуульд хоёр талын зөвшөөрлийг заавал авах тухай тусгаагүй байдаг тул түүний уг үйлдлийг буруутгахгүй үндэслэлгүй аж.
Сэтгэгдэл үлдээх
Үр хөврөл биш эр бэлгийн эс, эсвэл бүр болохгүй бол сперм гэх мэтээр орчуулах нь утгын хувьд зөв шүү. Харин үр хөврөл гэдэг нь эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдсэнээс жирэмсний эхний3сар хүртэлх үе юм.
Ган
Дэмжих үү?
0 0