Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо

.Graph
2025-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр буюу 7 сарын 7-нд Ус сувгийн удирдах газарт зочиллоо.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г тус газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцууллаа.

Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуульд “Ус судлал”-ын чиглэлээр суралцан, төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан.

Тэрбээр “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол, идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон, ахисан түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe