Монгол Улсын Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийг хязгаарлалтгүй болголоо

.Graph
2025-07-07

Монгол Улсын Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бус хуралдаж, банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийг хязгаарлалтгүй болголоо. 

Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 7 сарын 7-ны ээлжит бус хуралдаанаар “Банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувь”-д гаргасан 2025 оны 3 сарын 7, 6 сарын 13-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.

Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан байдаг.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ.

Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe