Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс байдлаар хөгжүүлнэ

.Graph
2025-04-15

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болсон. 

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор  баталж, улсаа бүсчилж хөгжүүлэх талаар сүүлийн хорь гаруй жил яригдсан ч бодитой үр дүнд хүрээгүй юм. Харин Засгийн газраас 2024 оныг  “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан юм.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. 

Ийнхүү ангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгажээ. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг.

Хуралдаанаар:

  • Хангайн бүсийн гурван аймагт баригдаж байгаа ДЦС-ын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан, цахилгааны эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх, 
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, 
  • Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүр хоёроос доошгүй ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, 
  • Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаад зах зээл, технологи,  хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалтын орчны судалгаа, шинжилгээ шийдэлтэй нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны IV улиралд багтаан гаргах,
  • Төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх, 
  • “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүх, шашин соёл, эрүүл мэндийн төрөлжсөн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, 
  • Сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг 30 гаруй саналыг салбар хуралдаанд оролцогчид гаргасан байна.  

Эдгээр саналтай холбогдуулж иргэдийн санал, хүсэлт, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд асуулт бүрд хариулж, хангайн бүсийг хамтарч хөгжүүлэх шийдлээ ярилцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа ярилцлаа.

Хангайн бүсийн анхдугаар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмж бүрийг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргана.  

Хангайн бүс 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, 144 мянган ажиллах хүчтэй, хүний хөгжлийн индекс 0.74 байна. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ нь 2.7 их наяд төгрөг, үүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгжтэй,  дундаж цалин 1.4 сая төгрөг байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe