Нээлттэй Засгийн түншлэл (Open Government Partnership)-ийн Ази, Номхон далайн гишүүн орнуудын Бүсийн чуулган 2025 оны хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Филиппин Улсад боллоо. Уг чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцож Сайд нарын түвшний хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалтуудад сонгуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, туршлага солилцов.
Нээлттэй Засгийн түншлэлээс 2024 оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Азийн орнуудаас анх удаа нэгдсэн. Тус түншлэлийн хяналтын хороо Сонгуулийн ерөнхий хорооны санаачилгыг хянан үзэж, Ази тивээс Сорилтод нэгдсэн анхны улс хэмээн батлан, чуулганы үеэр гэрчилгээ олгож баяр хүргэлээ.
Ази, Номхон далайн орнуудын Бүсийн чуулганд тус бүсийн орнуудын төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцож ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачилгыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм.
Сэтгэгдэл үлдээх