Б.Гэрэлтуяа Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа

.Graph
2025-02-07

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээх гэж байна. Нээлтээс өмнө кёрлинг, шорт трейкийн тэмцээн болж буй юм.

Манай улсын тамирчдаас шорт трейкийн төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 25 тамирчнаас

  • 1000 метрт 1:41.324,
  • 1500 метрт 2:38.676 минут,
  • 500 метрт 48.136 секундийн амжилтаар хагас шигшээд шалгарлаа.

Тэгвэл эрэгтэйчүүдээс 1500 метрт

  • Э.Мөнх-Эрдэнэ 2:33.000,
  • Г.Мөнх-Эрдэнэ 2:27.762,
  • М.Борхүү 2:40.852 минут,

500 метрт

  • М.Борхүү 59.092,
  • Г.Мөнх-Эрдэнэ 44.829,
  • Э.Мөнх-Эрдэнэ 44.610 секунд,

1000 метрт

  • Э.Мөнх-Эрдэнэ 1:50.694,
  • М.Борхүү 1:41.762,
  • Г.Мөнх-Эрдэнэ 1:34.339 минутын амжилт үзүүлсэн байна.

Б.Гэрэлтуяагийн хувьд 1000, 1500 метрийн зайд Азийн өвлийн спортын наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин боллоо. Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 

Азийн өвлийн спортын наадмын кёрлингийн төрөлд Монгол Улсаа төлөөлж  холимог хосын төрөлд  Булганхүүгийн Баяр, Ганбатын Энхзаяа нар өрсөлдөж  байна.

Энэ төрлийн өрсөлдөөнд манай улс дэлхийд чансаагаар дээгүүрт зогсох 11 улсын шигшээ баг тамирчидтай өрсөлдөж буй. Монгол Улсын шигшээ баг Япон, Кувейт, Хонконг, Хятадын Тайвань зэрэг улсуудтай нэг хэсэгт багтсан. Азийн наадамд анх удаа оролцож буй манай кёрлингийн тамирчид холимог хосын төрөлд хэсэгтээ Кувейтэд 5:6, Японд 0:19, Тайванд 4:8, Тайландад 5:10, Хонконгт 2:9-өөр ялагдлаа. Ингэснээр хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй боллоо. Монгол Улсад кёрлингийн спорт холбоо 2013 онд байгуулагдсан бол 2022 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж Б зэрэглэлийн өсвөрийн дэлхийн аваргад өрсөлдөж байсан бол насанд хүрэгчдийн төрөлд олон улсын анхны том тэмцээн нь Азийн өвлийн наадам болж байна.

Дашрамд сонирхуулахад Азийн өвлийн спортын IX наадам Хятадын Харбин хотод өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд  биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн  64 зай, ангилалд болох бөгөөд азийн 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин, 26 дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөс бүрдсэн баг Харбин хотод очжээ.

Уг наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 10 гаруй сэтгүүлч сурвалжлах бол MNB Sport  суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Энэ нь Монголд Азийн өвлийн спортын наадмыг шууд дамжуулж буй анхны тохиолдол болж байна. Нээлтийн ёслол өнөөдөр 20:00 цагаас ажээ.

Гэрэл зургийг Ч.Ганбат МУСГЗ (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe