АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тарифын шийдвэрийн улмаас зах зээлд тодорхойгүй байдал үүсэж, үүнээс шалтгаалан гоо сайхны “Estée Lauder” компани төлөвлөж байснаасаа хоёр дахин их тооны ажилтнуудаа цомхотгохоор яригдаж эхэлжээ.
Гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хувцас загварын “Clinique, MAC”, “Jo Malone”, “Bobbi Brown”, “Aveda”, “Tom Ford” зэрэг брэндүүдийг эзэмшдэг толгой компани болох Estée Lauder компанийн 2-р улирлын борлуулалт 6 хувиар буурчээ. Мөн үйл ажиллагааны орлого нь 574 сая долларын ашигтай байснаас 580 сая долларын алдагдалтай болсон байна. Ингээд тэд нийт 62000 орчим ажилтнаасаа 9-11 хувь болох 7000 орчим ажилтнаа цомхотгох гэж байна.
Дэлхийн 150 улс оронд бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг Америкийн үндэстэн дамнасан тус корпорац Д.Трампын засаг захиргааны тарифын болон хориг арга хэмжээний улмаас үүсэх эдийн засгийн хямралын эрсдэлээс сэргийлж ойролцоогоор тэрбум ам.долларын зардлаа танаж, хэмнэх шаардлага үүсээд байгаагаа онцолжээ. Инфляцын түвшин өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнийг мөн тодотгож, “Бид үйл ажиллагааны загвар моделио огцом өөрчилж, илүү хурдтай, илүү хэмнэлттэй, илүү хэрсүү болгоно” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Стефан де ла Фавери хэлсэн байна.
Estee Lauder компани бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Австрали, Мадагаскар, Индонези зэрэг олон орноос авч, Их Британи, Канад, Швейцарь, БНХАУ зэрэг улс оронд үйл ажиллагааны болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн салбаруудаа ажиллуулдаг байна. Тус компанийн зүгээс аль улсууд дахь, ямар ажлын байрууд цомхотголд хамрагдах талаар тодорхой мэдээллийг хийгээгүй байна.
Д.Трампын засаг захиргааны импортын тарифын нэмэгдлийн бодлого шийдвэр, ялангуяа БНХАУ улстай эхлүүлээд байгаа худалдаа болон хил гаалийн татварын дайн нь Хятад улстай бизнесийн үйл ажиллагаа нь салшгүй холбоотой байдаг олон компани, брэндүүдэд хүндээр тусах нь дамжиггүй болж эхэлж байна.
Сэтгэгдэл үлдээх