Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан гэх хэргийн хүрээнд өчигдөр буюу 2 сарын 6-ны 21:00 цагийн орчимд амь хохирогчдын болон түүний гэр бүлийн талаарх хувийн, эмзэг мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Хувь хүний нууцтай холбоотой эмзэг мэдээлэл алдагдсан асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр, нас барсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, гэр бүлээс нь үлсэн том хүү О.Одбаяр хилийн цэргийн 0184-р ангид цэргийн албаа үлгэр жишээ, хариуцлагатай хааж байсан, ангийнхаа бахархал болсон дайчин байлдагч учир сайдын хувьд түүнд тохиолдсон асуудалд онцгойлон анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
- Хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын тайлан шиг харагдахуйц мэдээлэл цацагдсан. Энэ бол зөвхөн хохирогчийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал биш. Энэ бол Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Үүнээс гадна эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг.
Хэрэв хувь хүний нууцад халдсан, задруулсан үйлдэл нь албан тушаалынхаа хүрээнд олж авсан мэдээллээ задруулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.
Уг асуудлаар өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Энэ мэдээллүүд дунд байгаа зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй, үнэнд нийцэхгүй мэдээлэл байсан. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн, хамааралтай гэсэн зүйл огт байгүй. Гэтэл ийм мэтээр гүтгэж бичсэн байна лээ.
Тиймээс ийм мэдээллийг санаатай бэлтгэж, тараасан этгээдүүдийг олж илрүүлэхээр ажиллаж байна. Заавал илрүүлж эрүүгийн хариуцлага тооцно
Хэрэв цагдаагийн ажилтан мэдээлэл задруулсан бол зөвхөн албан хаагчид хариуцлага тооцох биш ЦЕГ-ын удирдлагын түвшинд хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэв.
Мөн өчигдөр мэдээлэл хийсэн иргэн О.Одбаярыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаалж, шаардлагатай бүхий л тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Энэ хүнд үед тэр хүний эрхэд халдсан ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.
Ташрамд, цагдаагийн байгууллагаас "Тавантолгой түлш" ХХК-ийн үе үеийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдийн холбогдох гэрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн сайжруулсан шахмал түлшний 29 нэр төрлийн химийн бодис, түүхий эдэд шинжилгээ хийж байна. Ийнхүү шалгалтаар албан тушаалтан болон, түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал илэрвэл хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх