Үндэсний хөлбөмбөгийн лигийн /NFL/ аварга багийг тодруулах 59 дэх удаагийн "Super Bowl" тоглолт ням гаригт болно.
Энэ жилийн тухайд аваргаа хамгаалагч Канзас Сити Чифс болон Филадельфиа Иглз багууд Винс Ломбардын цомын төлөө тунаад байгаа юм. Энэхүү тоглолт Нью-Орлеанс хотын 73 мянган хүний суудалтай Цезарь Супердомд болох хуваарьтай. Уг тоглолтыг саяхан АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп үзнэ гэсэн мэдээлэл аль хэдийн сошиал медиад түгээд амжсан байна.
Энэхүү тоглолтын их завсарлагаагаар 22 удаагийн Грэммийн шагналт реппер Кендрик Ламар тоглолтоо толилуулна. Түүний зочин уран бүтээлчээр "SZA" байх юм. Тэд хамтдаа хоёр ч дуу дуулах аж. Грэммийн шагналт Кендрик Ламарын хувьд өмнө нь 2022 онд "Snoop Dogg", "Eminem", "Dr.Dre" зэрэгтэй репперүүдтэй хамт супер боулын тайзнаа гарч байсан бол энэ удаад өөрийн бие даасан тоглолтоо хийнэ. Түүний үзүүлбэр 10-20 сая ам.долларын төсвөөр бүтэж байгаа аж. Гэхдээ үүнээс нэг ч долларыг Кендрик Ламар хүртэхгүй. Тэрбээр энэ жилийн супер боулд ирэх зуны аялан тоглолтын сурталчилгааны ажил гэж бодож байгаа учир бүх төсвийг үзүүлбэрт зориулж, үзэгчдэд гайхалтай шоу үзүүлэхээр бэлдэж байна.
Хамгийн сонирхолтой нь, Кендрик Ламар үзүүлбэрийнхээ үеэр өнгөрсөн жилийн супер хит дуу болох Канад реппер Дрейкт зориулан дисслэсэн "Not Like Us" дуугаа дуулах эсэх нь тодорхойгүй байсан. Харин сүүлд гарсан мэдээллээр Кендрик Ламар энэ дууг үндэсний телевизээр дуулахаар болжээ. Энэ дуу нь бүхэлдээ Дрейкийн талаар зохисгүй агуулга агуулсан утгатай бөгөөд Дрейк зарга үүсгэх, гомдол гаргах бүрэн боломжтой гэнэ.
Нэр хүнд, үзэгчдийн хандалт үзэлтээр Олон улсын хөл бөмбөгийн холбооны /FIFA/ ДАШТ-ий финалын тоглолтын дараа ордог супер боулыг өнгөрөгч онд дэлхий даяар 123.7 сая хүн шууд үзэж байсан бол энэ жил үзэгчдийн тоо 150 сая хүрэх төлөв судалгаагаар гарчээ.
Сэтгэгдэл үлдээх