Ч.Номин худал хэлж, КУДС-гийн булхайг дэлгэлээ

Ж.Номин
2024-12-11

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Баавгай болохсон” киноны нэрийг барьж, худал хэллээ. 

Тодруулбал, Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үеэр ССАЖЗ-ын сайдын багцаас Соёлын эрхийн бичиг, Кино урлагийг дэмжих сангийн зардал, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн төсвүүдийг хасхаар УИХ-д өргөн барьсан. Энэ дагуу өчигдөр буюу 12 сарын 10-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдсан билээ.  

Кино урлагийг татан буулгавал ямар сөрөг үр дагавар гарах вэ гэх асуултад Соёлын сайд Ч.Номин “Кино урлагийн сангаар дамжуулан бид эдийн засгийн эргэлтийг дэмжиж, монгол уран бүтээлчдийг дэлхийн зах зээлд гаргадаг. Өнгөрсөн хугацаанд уг сангаар дамжуулан 670 гаруй уран бүтээлчид болон бүтээлийг дэмжсэн. Хэрэв уг санг татан буулгавал монгол уран бүтээлийг олон улсын зах зээлд гаргах, энэ салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах олон улсын сургалт зэрэг энэ ажлууд зогсоно.

Өнгөрсөн хугацаанд “Баавгай болохсон”, “Сэр сэр салхи”, “Чимээгүй хотын жолооч” гэх мэтчилэн олон кинонууд тус сангаар дамжиж, өөрсдөө нийт санхүүжилтийнхээ 70 хувийг, сангаас 30 хувийн санхүүжилт авч, олон улсын зах зээл дээр гарах боломжууд бий болсон.

Тэгэхээр энэ сангаар дамжуулан кино урлагийн салбарыг дэлхийд таниулах монгол агуулгатай контентууд бүрэн зогсох эрсдэл үүснэ” гэсэн юм.

Тэгвэл “Баавгай болохсон” УСК-ны зохиолч, найруулагч П.Золжаргал уг хариултад ундууцан, цахим хуудастаа дараах тайлбарыг бичжээ. Тэрбээр “Өөрийн чадлаар Канн хүрсэнд минь хорсож, Оскарт Монгол улсыг төлөөлж явуулахгүй гэж хавчсан хүмүүс Кино Урлагийг Дэмжих сангийн хувь заяа яригдсан чинь “Баавгай болохсон” киноны санхүүжилтийн 30% өгсөн гэж худал ярьж нүүрээ тахалж байна.

Бүхэл бүтэн УИХ гишүүн, Яамны сайд хүн ингэж хороон дээр бусад УИХ-ын гишүүдийн өмнө худал хэллээ.

Шилэн дансаар шалгаад үзээрэй. “Амигдала Филмс” рүү орж ирсэн нэг ч төгрөг байхгүй шүү. Энэ сангийн анхны шалгаруулалт манай зураг авалт дууссаны дараа явагдсан. Би маш олон хувийн, олон улсын албан байгууллага, төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй хамтран киноныхоо санхүүжилтийг босгож, хамаг сүүлд нь өөрийн дулаан байраа зарж кино зураг авалтаа дуусгасан. Пост продакшнаа Парис хотын кино сан, Францын Үндэсний кино сан, Дохагийн кино сан болон Урбан Фактори, Урбан Сэйлс, Еврозүүм хэмээх Франц хамтрагч компанийн дэмжлэгээр хийж дуусгасан. Сан нь шулмын гарт байхад сангийн цэвэр ариун байдалд санаа сэтгэл тавьж, засаж сайжруулах оролдлого хийгээгүй мөртөө “босгох амархан, хэцүү” гээд гонгинолдоод байгаа тул би ингээд өөр юм хэлэхгүй ээ.

Уран бүтээлч ах эгч дүү нар минь хараад ав. Хүний амжилтыг ингэж булааж идэх гэж оролддог юм байна.

Ганц л юм хэлье. Та нарын дотор ямар мэдрэмж төрж байна тэр бүгдийг эр зориг болгон хувиргаарай” хэмээжээ.

Тэгвэл Кино урлагийг дэмжих сангаас 2023 онд хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаж, эхний сонгон шалгаруулалтад 11 төсөл шалгарч, 1.3 тэрбум төгрөг зарцуулсан бол хоёр дахь сонгон шалгаруулалтад 16 төсөл арга хэмжээ шалгарч, 1.2 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэр гаргасан байдаг.

Ийнхүү 2023 онд шалгарсан 11 төсөл дотор “Амигдала Филмс”-ийн “Баавгай болохсон” УСК байхгүй байна. 

Харин дээрх 11 төсөл дундаас хамгийн өндөр дүнтэй санхүүжилт авсан Иргэдийн цахим оролцоо ТББ-ын "Кино нүүдэл сургалт" кино зохиол, кино төслийн сургалтад 240 сая төгрөг, Жүжигчин Г.Ундармаагийн “U Team” ХХК-ийн “Амира” хүүхэлдэйн олон ангит кинонд 240 сая төгрөгийг тус тус олгожээ. 

Салбарын сайд нь ийнхүү худал хэлэн байж, тус санг хаацайлж байгаа нь ямар ашиг сонирхолтой вэ. Сангаас хамгийн өндөр төсөв авсан “Амира” хүүхэлдэйн кино тэргүүтэй бусад төслүүд нь хэзээ нээлтээ хийх вэ гээд бараг тус сангийн хулгайн асуудлаар хэдэн жилийн дараа талбай дээр жагсаж, сонсгол хийхийг шаардах хэмжээнд очих өдөр мөдхөн бололтой. 

Энэ талаар манай сайтын “Монголын кино урлагаар сонин юу байна”  сэдвээр бэлтгэсэн Graph news мэдээллийн хөтөлбөрийг үзээрэй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe