ХЗБХ: Ерөнхийлөгчийн хэлснээр алдагдалгүй төсөв батлах биш үр ашигтай төсөв баталмаар байна

.Graph
2024-12-09

УИХ-аас баталсан 2025 оны улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар Засгийн газраас Төсвийн төслийг дахин өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж буй билээ. Өнөөдөр гэхэд 8 УИХ-ын байнгын хороо хуралдаж, танасан төсөвт санал шүүмжээ хэлж байна. 

Засгийн газраас төсвийн төслийг дахин өргөн барихдаа хууль сахиулах байгууллагууд буюу цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон эрүүл мэнд, боловсролын салбарын төсвөөс танасан нь олон УИХ-ын гишүүний дургүйцлийг хүргэж байгаа юм. Учир нь, эдгээр салбарын төсвийг танаснаар хүний эрх зөрчигдөнө гэцгээв. Ялангуяа, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Ерөнхийлөгчийн хэлснээр алдагдалгүй төсөв батлана гэхээс илүү үр ашигтай төсөв батлахад анхаарах хэрэгтэй"-г гишүүд хэлж байна. 

Төсвийн төслөөр төсвийг дараах байдлаар танасан байна. 

  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээний байгууллагуудын төсвийг 27.6 тэрбум
  • Цагдаагийн байгууллагын томилолт, бичиг хэргийн зардлыг 50 хувь багасгав. Ингэснээр цагдаа нар хэрхэн дуудлагадаа явах вэ, бичгийн цаасаа өөрсдөө гаргаад, бензин тосоо өөрсдөө гаргаад ажиллах юм уу гэх шүүмжлэлийг дагуулав. 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Нисдэг бор морийг нь алаад ирээрэй гэхэд нисдэггүй бор морийг нь алаад ирдэг шиг юм болох нь ээ. Урсгал зардал, зураггүй, шаардлагагүй төслүүдийг хасах боломж байсан. Миний харснаар зураг төсөлгүй 18 төсөл байсны 7-г нь хасаж, 11-ийг нь буцаагаад өргөн барьсан байна. Хууль сахиулах байгууллагын төсвийг өндөр намаар нь жагсааж байгаад хасаад тавьчихаж. Сая УИХ-аас стратеги төлөвлөлтөө батлахдаа хүн төвтэй байна гэж баталсан. Гэтэл хүндээ зориулсан төсөв оруулж ирсэнгүй" гэв. 

Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах, шүүхийн төсвийг битгий танаач ээ. Төсөв гэдэг бол компанийн төсөв баталж байгаа юм шиг ашиг, алдагдлыг нь тэнцүүлдэг зүйл биш. Энэ бол хүний эрхийг хангах бодлогын баримт бичиг юм. Эрүүл мэнд, боловсролын төсөв гэдэг бол Монгол Улсын хөгжлийн төсөв. Хүүхдийн хүмүүжил хүүхдийг төрөхөөс 100 жилийн өмнө эхэлдэг гэж үг бий. Сайхан болгоё гэж байгаа бол өнөөдрөөс энэ бүхнийг хийх ёстой. Хууль сахиулах байгууллага гэдэг бол цаана нь хүний эрхийг хангах, шударга ёсыг хангах байдаг. Гэтэл энэ алдагдаж байгаа гэж ойлголоо" гэлээ. 

Түүнчлэн байнгын хорооны хуралдааны төгсгөлд ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар "Хууль зүйн байнгын хороо ийм төсөв хүлээж авахгүй. Бид өөрчилнө. Засгийн газрын төсөв танаад оруулаад ир гэхээр "Та нар яасан их танаж, багасга гэдэг юм. Май, та нар" гэсэн шиг бүгдийг нь танаад оруулж ирж байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, цагдаа, шүүхийн төсвөөс танаж болохгүй. Энэ бол Үндсэн хуульд заагдсан институц. Гэтэл Засгийн газрын 23 яам чинь Үндсэн хуульд заагдаагүй. Тэндээсээ төсөв хас" хэмээн хатуухан шүүмжиллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Za ene chini zov. gishuud maani zarchmiin zov shaardlaga tavisan bn

Irgen

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe