НИТХ: Тээврийн хэрэгслийн татвар болон авто зам ашигласны төлбөрийг нэмэх эсэхийг хэлэлцэж байна

Ж.Номин
2024-12-02

НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнгөрсөн баасан /2024.11.29/ гарагт хуралдаж, 2024 оны 12 сарын 2-ныг хүртэл түр завсарласан. Тэгвэл   өнөөдрийн хурал 12:00 цагийн орчимд эхэлж, “Нийслэлийн 2025 оны төсвийн төсөл” болон “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах”, “Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” асуудлуудыг хэлэлцэж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан дээрх асуудлуудаа төлөөлөгчдөд танилцуулсан бөгөөд тээврийн хэрэгслийн татварын хэмжээг нэмэх болсон шалтгаанаа ийн тайлбарлалаа. 

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна.

Статистик мэдээллээр Улаанбаатар хотын замын үндсэн хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд байснаас 10 жилийн хугацаанд засвар шинэчлэл хийгдэхгүй тохиолдолд 420 тэрбум төгрөг болж үнэлгээ буурахаар байна. 

Мөн хотын гол болон туслах замуудыг насжилтаар нь авч үзвэл 1-5 жилийн насжилттай зам 164.1 км буюу 22 хувь, 5-10 жилийн насжилттай зам 306,9 км буюу 41 хувь, 10-15 жилийн насжилттай зам 237,2 км буюу 32 хувийг эзэлж байгаа.

Нийт авто замын сүлжээний 82 хувь нь засвар шинэчлэл хийх шаардлагатай байна.

Гол болон туслах замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх, засварлах ажлын хүрээнд  дотоодын бондын эх үүсвэрээр 270,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, нийт 68 байршилд 138,8 км авто замын шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөн ажилласнаас гол замуудын талбайн 65,22 хувийг шинэчлэх ажлыг 2024 онд хийж гүйцэтгэсэн. 

НИТХ-ын 2024 оны 2 сарын 8-ны 7-р тогтоолоор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан, цахилгаан тэжээлт авто машины татварын хувь хэмжээг тэг хувь байхаар тогтоож бусад авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хувьд 2010 оноос хойш татварын хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон байна. Мөн тухайн өдрийн НИТХ-ын 2-р тогтоолоор нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000см3-с дээш суудлын авто машины зам ашиглалтын төлбөрийн хувь хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бусад тээврийн хэрэгслийн төлбөрийн хэмжээнд 2013 оноос хойш ямар нэмэг өөрчлөлт оруулаагүй 12 дахь жилдээ мөрдөж байна. 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хууль тогтоолын хүрээнд нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, өргөтгөн шинэчлэх, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд зарцуулна. 

Мөн нийслэлийн замын сангийн эх үүсвэр нэмэгдэж авто замын ачаалал, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Ирэх онд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарын хүрээнд 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо байгаа тарифаас 5 дахин нэмэгдүүлэн  тогтоосноор нийслэлийн замын сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа” гэв.

Ийнхүү тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нэмэх эсэх асуудлыг НИТХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe