Нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2000 орчим сурагчийг сургалт, өдөрлөгт хамруулж, сургуулийн орчмын худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг “Хүүхдийн төлөө Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлье” нөлөөллийн аяны хүрээнд хийж буй.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүд
Улаанбаатар хот: Сургуулийн хоол үйлдвэрлэлд мах, сүү, хүнсний ногоо нийлүүлдэг 9 аж ахуйн нэгжид хяналт тавьж ажилсан. Сонгинохайрхан дүүргийн “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны ногоо савлах үйлдвэрлэлээс зөрчил илэрч шалгагдаж байна. Мөн нийслэлийн 9 дүүрэгт сургуулийн орчимд худалдаа эрхэлдэг 31 аж ахуйн нэгж, 12 иргэн, бэлэн хоол үйлдвэрлэгч 10 объектыг шалгаж, 17 заалт бүхий албан шаардлага өгч, чипс, цэлцгэнүүр, хөөсөн чихэр, лаазтай сүү зэрэг 33 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.
Говь-Алтай аймаг: Есөнбулаг болон Халиун сумын сургуулийн орчимд хүнсний худалдаа эрхэлдэг 12 объектод шалгалт хийж нийт 35 зөрчил илрүүлсний 54 хувийг газар дээр нь арилгуулжээ. Шошгын зөрчилтэй болон хугацаа дууссан 35 нэр төрлийн, 359 ширхэг (нийт 1,166,800 төгрөгийн) хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулсан аж.
Дархан-Уул аймаг: Сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулж буй 13 объектод хяналт шалгалт хийж, чанар аюулгүй байдлыг үнэлүүлэхээр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид 10 дээжийг 51 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлжээ.
Увс аймаг: Өндөрхангай, Зүүнхангай, Завхан, Наранбулаг сумдын ЕБС-ийн орчмын 11 хүнсний дэлгүүр, 1 буфет болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 10 гал тогоонд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна.
Хөвсгөл аймаг: Мөрөн сумын сургуулиудын орчмын худалдаа, хоол үйлдвэрлэлийн 8 объектод холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт явуулж байна. Архангай аймаг: Хотонт сумын 3 газарт холбогдох удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл үлдээх