Бөхийн өргөөг их засварт оруулж, өргөтгөнө

.Graph
2026-11-24

Монгол бөхийн өргөөг 1998 онд ашиглалтад оруулснаас хойш 28 жил өнгөрчээ. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбооноос үндэсний бөхийн уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх төв болох Монгол бөхийн өргөөг орчин үеийн спортын байгууламжийн стандарт шаардлагад нийцүүлэхээр их засвар, өргөтгөлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй.

Их засвар, өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн нь дараах үндсэн шалтгаануудтай.

  1. Бөхийн өргөө анх 2500 үзэгчийн суудалтайгаар баригдсан бөгөөд өнөөдрийн Улаанбаатар хотын хүн амын өсөлт, үндэсний бөх сонирхогчдын тоотой харьцуулахад багтаамж нь хэт багадах болсон. Улмаар тасалбарын хомсдол үүсэж, томоохон ой, чансаа өндөр барилдаан болон урлаг соёлын арга хэмжээний үеэр тасалбар олдохгүй байх, шаглагдах асуудал үүсдэг нь барилгыг өргөтгөх шууд шалтгаан болж буй.
  2. Бөхийн өргөө эхнээсээ элэгдэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд өргөөний тооно солих, гадна фасад, дотор хивс, ариун цэврийн өрөөг сайжруулах зэрэг хэсэгчилсэн засвар хийсэн ч үндсэн бүтэц, сантехник, цахилгааны шугам сүлжээнд иж бүрэн шинэчлэл шаардлагатай. Тодорхой хэлбэл, анх барихдаа агааржуулалт муу хийснээс олон хүн цугларсан үед агаарын солилцоо муудаж, бүгчимдэх асуудал үүсдэг.
  3. Тамирчид ба бөхчүүд ая тух, бэлтгэл хийх орчин нөхцөл тааруу, өрөөний хүрэлцээ муу. Одоогийн байдлаар хувцас солих 2 өрөө, тус бүр 50 м² бүхий бэлтгэлийн 2 жижиг танхимтай нь 256 болон түүнээс дээш бөх барилдах үед ачааллаа дийлэхгүйд хүрдэг. Нэмж бөхчүүдийн бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламж үзүүлэх орчин үеийн эмнэлэг, сэргээн засах өрөө, шүршүүр зэргийг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөх шаардлагатай.
  4. Аюулгүй байдал ба орчны төлөвлөлт чухал. Автомашины зогсоол. Баянзүрх дүүргийн төв хэсэгт, замын ачаалал ихтэй бүсэд байрладаг ч өргөөний гаднах зогсоолын хүрэлцээ маш муу байгаа нь томоохон арга хэмжээний үеэр орчны түгжрэлийг нэмдэг. Галын болон онцгой байдлын гарц шаардлагатай.
  5. Үндэсний бөхөөс гадна их спорт (чөлөөт бөх, жүдо, самбо), урлаг соёлын тоглолт, цирк зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг тул тайзны хийц, акустик, шууд дамжуулалтын техник, LED дэлгэц зэргийг орчин үеийн стандартад хүргэхээр үе шаттайгаар ажиллаж байгаа аж.

Ташрамд дурдахад, засвар шинэчлэлийн ажлаа хийхдээ үндэсний компани, иргэдэд харилцан ашигтай байх нөхцөлийг нээлттэйгээр санал болгосон гэнэ. Ингээд сурталчилгаа төрөлд үндэсний үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК шалгарч Монгол бөхийн өргөөний хивсийг шинэчилсэн байна. Мөн зарим дэвжээнд ч шинэ хивс олгохоор болжээ. Өсвөр бөхчүүд хичээллэхэд хүртээмжтэй хэмжээтэй байхыг харгалзан доорх сумд, дэвжээ, клубүүдэд хуваан олгохоор шийдвэрлэсэн гэнэ. Улмаар Сэлэнгэ Дулаанхан тосгон, Төв Мөнгөнморьт сум, Эв Монгол клуб, Дундговь Дэрэн сум, Дундговь Луус сум, Хэнтий аймгийн өсвөр бөхийн Сэцэн хан дэвжээ, Биндэр, Баянхутаг сумд, Завхан Сантмаргац сум, Ховд Үенч сум,Өлгийн хүчтэн дэвжээнийхэн далимд нь шинэ хивстэй болох нь.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe