Монголчууд бид үнэхээр л хувьтай ард түмэн юм. МАН хагарснаар нэг жилийн дотор юу юу ч үзчихэв дээ. Засгийн газар, УИХ хоёр нь Үндсэн хуулийн цэцээр маргаанаа хагалуулахыг, гурван удаа Ерөнхий сайд солигдохыг, хотын дарга асан нь харь улсад лайвчин болохыг, одоо бүр Ерөнхийлөгч нь бүрэн эрхээ дуусахаасаа өмнө ажлаа өгсөн тохиолдлыг харлаа. Уг нь тэр суудалд очихоор гадаслагдаж аваад, гартаа атгасан титмээ тавихыг хүсэхээ байчихдаг л гэж бодож явлаа шүү дээ. Ингээд буучхаж болдог гэж хэн санах вэ. Нөгөө талаас нь бодвол хүчээ өгөхөө байсан суудлаар ч бас яах билээ. Долоон сар гаруй үлдсэн түүний бүрэн эрх өдрөөс өдөрт хэврэг болно. Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын “Канад ажиллагаа” үрээ өгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд сүүлийн өдрүүдэд шалаар нэг болов. Төрийн ордонд У.Хүрэлсүхтэй зөрөхдөө хөлс нь чийхардаг байсан гишүүд камерын өмнө гарчихсан элдвээр хэлээд зогсож байгаа нь үүнийг илтгэнэ. Тийм учраас мань хүн эрх мэдлээ зузаатгах цаг хугацааг наашлуулж замаа товчлохоор шийдсэн нь тэр байв уу даа.
Гурван гаргалгаа...
Ардчилсан намынхан өчигдөр бүлгийн хурлынхаа араас мэдээлэл хийсэн. Ингэхдээ авлигын 110 сая ам.доллар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг авсан гээд байгаа 25 сая ам.долларын асуудлаа албан тушаалаа өгч байгаад хуулийн байгууллагаар шалгуул. 2019 оноос хойш хийгдсэн оффтэйк гэрээнүүдийг ил болго. Үгүй бол Ерөнхийлөгчийг “импичмент” хийнэ гэж. Энэ их сонин. Яагаад заавал 2019 оноос хойш ч байх ёстой юм.
Ийм гурван гаргалгаа байна. Эхнийхийг нь “байгалийн үйл явц” гээд нэрлэчихье. Хэн нэгний шахалтгүйгээр болж байгаа үйл явцыг өөрсдийн үзэл санаанд тулгуурлан хамтаар ярилцаж шийдээд гаргасан улс төр. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатартай нийлчхээд Ерөнхийлөгчийг олон нийтэд хулгайч гэж харагдуулах ажлыг маш сайн хийж байгаа энэ үеийг далимдуулж хажуугаас нь шахалт үзүүлэх. Ингээд Ерөнхийлөгчийг ажлаа өгтөл шаардсан нам болж харагдаад улс төрийн оноогоо авна. Дарга О.Цогтгэрэлийг унхиа муутай гэж ярих олон нийтийн хандлага гайгүй ч юм уу гэж эргэлзэхэд хүргэнэ.
Хоёр дахь нь анхнаасаа Л.Оюун-Эрдэнэтэй хамтарч хэн хэнийхээ хүслийг гүйцээх “хуйвалдааны үйл явц” юм. Өмнө нь Н.Учралыг шахаж, Г.Занданшатарын засгийн газрыг унагахад тэд санамсаргүй ч юм шиг санаатай байдлаар нийлсэн гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Аль аль нь ашигтай салж байсан. Л.Оюун-Эрдэнэ засгийн газарт хэдэн хүнээ оруулж чадсан, Ардчилсан нам ардах тохироогоо хийгээд олон нийтээс ч оноогоо авсан. Энэ удаагийнх тийм байсныг үгүйсгэхгүй. Хавсайдаж байгаад ямар ч байсан ажлыг нь өгүүлээд араас нь шалгуул гэж шахах.
Гурав дахь нь Ерөнхийлөгчийн заавраар хөдөлсөн “дуулгавартай үйл явц”. Нэгэнт Х.Нямбаатартай зууралдаад байж чадахгүйгээс хойш Канадаас хийх лайвд Ерөнхийлөгч цаашид улам л хохирол амсах байсан. Амыг нь таглаж чадахгүй юм чинь ажлаа өгөөд шалгуулъя гээд олон нийтээс дэмжлэгээ авчихна. Долоон сарын дараах сонгуулийг ч урагш татаад замаа товчилчихно. Үүнд нь тавчиктай ээж шиг ямар нэгэн гадны хүчин зүйл нөлөөлөх хэрэг гаралгүй яах вэ. Тэр нь Ардчилсан нам. Сүрхий мэдэгдэл хийлгүүлээд ажлаа өгөхдөө Ардчилсан намын шаардлагаар ажлаа өгөхөөр боллоо гэнэ. Нөгөөдүүлдээ Ардчилсан намын хүч ийм л байна гэж попрох эрхийг нь өгч байгаа хэрэг. Тэдэнд иймэрхүү жижиг сажиг зүйл байхад л хүүхэд шиг тэр амжилтдаа хөөрөөд алга болцгооно. Даацтай улс төр хийж үзсэн биш. Дандаа л хоронд орж, хоорондоо талцаж явдаг даа.
Дээрх гаргалгаануудын аль нь ч биш байж болно. Гэхдээ нэг үнэн зүйл нь Ардчилсан намын энэ үйлдэл Х.Нямбаатарын хэл аманд дарлуулж байсан У.Хүрэлсүхэд маш том сэргэлт болж өглөө. Мань хүн уснаас хуурай гарах биш бүр жүжигчин М.Баярбат шиг фантастикаар гарч ирэх болчхов. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хагас жил гаруй үлдсэн түүнд хорогдоод байх юм байхгүй. Таван жил гаруй хугацаанд дээр залрахдаа бүх төлөвлөгөөгөө яс хийчихсэн юм чинь. Хэсэг хугацааны дараах шалгалтаар түүнийг хууль зөрчөөгүй, авлига аваагүй гэсэн шийдвэр гарах байх. Ер нь энэ цаг үед У.Хүрэлсүхийг ямар зоригтой аавын хүү нь үнэнчээр шалгах ч юм. Ингээд аль жилийн өмнөөс л бичиж байсанчлан намаа удирдах ажилдаа орж, ирэх хоёр сонгуульд анхаарлаа бүрэн хандуулах нь дээ.
Путин, Медведев тактик...
Эхлээд өөрийн хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулна, дараа нь УИХ-ын сонгуульд намаа удирдан орж ялуулна. МАН Ерөнхийлөгчөө авахгүй бол одоогийн нөхцөлд хуваагдсан хоёр тал дэндүү их хохирол амсаж магадгүй. Хонгил тэдний эсрэг үйлчлээд эхлэх ч юм билүү. Ингээд намаа сонгуульд ялуулчихвал дөрвөн жил Ерөнхий сайдаа хийх нь тодорхой. Тэр үед Ерөнхий сайд нь одоогоос илүү хүчирхэг байх тогтолцоо биеллээ олсон байх болов уу. Илүү эрх мэдэлтэйгээр Ерөнхий сайдаа хийх хугацаандаа 2033 онд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох чуулганы индэр дээрээс хэлсэн үгээ ажил болгоно. Цаашлаад өмнөх Ерөнхийлөгч сонгогдох боломжтой болгож Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан парламентаас сонгогдсон анхны Ерөнхийлөгч болохыг үгүйсгэхгүй л юм. Яг л Путин, Медведев тактик шиг. Өнөөгийн байдлыг ажиглаад байхад энэ таамаг биелэхгүй гэх нөхцөл алга. Хүн болгон л ярьж, бичиж байна. Өнгөрсөн цаг хугацааны өгөх үеийг нь харахаар дандаа л хугацаанаасаа өмнө өгч эргээд авахдаа илүү том албан тушаал авч байж. Гэхдээ Ерөнхийлөгчөөс илүү албан тушаал гэж юу байх вэ. Эргээд энэ суудалдаа очих л улс төрийн тактик. Эрх мэдлээс холуур явж чадахгүй байна гэдэг нь улс төрийн чөтгөрийн тойрогт нэгэнт орсон байна гэсэн үг. Энэ тойргоос гарах юм бол хэн ч биш болж энгийн иргэний хувиар ч амьдрахад хүнд байх учраас. Ямартай ч иргэн У.Хүрэлсүх өгч байж авдаг гэдэг амьдралын зарчмыг улс төрд онцгойгоор ашиглаад сурчихлаа. Гэхдээ хэзээ түүний өгөө, аваа дуусах юм бол доо.
Х.Нямбаатарын хэдэн өдрийн хэл ам, Ардчилсан намын шахалт найман сарын дараа болох байсан үйл явцыг л жаахан урагш татаад өгчих шиг боллоо. Эрүүл ухаанаар бодох юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх намын штабд оролцоотой ажиллавал Ардчилсан намд гай л болно. Уг нь МАН-ыг хооронд нь хэрэлдүүлж байгаад яаж ийгээд эхний сонгууль дөхүүлчихсэн бол Ардчилсан намд хамаагүй ашигтай байх байлаа гэж. Гэхдээ тэд хүсэхгүй. Хүсээд ч чадал нь хүрэхгүй.
Сэтгэгдэл үлдээх