Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо маргааш 09.00 цагаас хуралдана.
Хуралдаанаар Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай тогтоолын төслүүдийг хаалттай хэлэлцэх юм.
Түр хороог даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Давхардсан тоогоор 103 гэрч дуудна. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг дуудсан" хэмээн мэдэгдээд буй.
Уг асуудлаар дөрөвдүгээр сард багтаан хуралдана гэж байсан ч хойшилсоор энэ долоо хоногт хэлэлцэхээр товлосон. Өмнө нь хоёр ч удаа ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй тус түр хороонд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь,Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтаж байна.
Сэтгэгдэл үлдээх