Гашуунсухайт боомтын нүүрсний экспортын тээвэрлэлт 2026 оны наймдугаар сараас эрс буурч, өмнө нь өдөрт дунджаар 1300–1500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол 500–800 болж багасжээ. Үүссэн саатлыг арилгах асуудлаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд Бээжин хотноо “Чайна Энержи” группийн Туслах ерөнхий захирал Кан Фөнвэйтэй уулзсан байна.
Сайд Б.Дэлгэрсайхан тээврийн саатал нь Монгол Улсын экспортын орлого, хоёр улсын худалдаанд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд энэ онд тус группт нийлүүлэхээр тохиролцсон 6.38 сая тонн нүүрсний татан авалтад хүндрэл үүсэж, гэрээний хэрэгжилт эрсдэлд орж байгааг мэдэгдсэн байна.
“Чайна Энержи” групп Монголын талын хил дээр хуримтлагдсан нүүрс тээврийн чингэлгүүдийг шуурхай татан авах, асуудлыг Хятадын эрх бүхий байгууллагуудад уламжлах, орон нутгийн захиргаатай хамтран ажиллахаа илэрхийлжээ. Гашуунсухайт авто замын боомтоор оны эхнээс арваннэгдүгээр сарын байдлаар 36.9 сая тонн нүүрс, 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна.
Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг мөн хэлэлцжээ. Төмөр замын тээвэрлэлтэд “Чайна Энержи”-д нийлүүлэх нүүрснээс гадна бусад худалдан авагч, аж ахуйн нэгжийн ачааг тээвэрлэх боломжийг хангаж, урт хугацааны гэрээ болон биржийн арилжааны тэнцвэрийг хадгалах шаардлагатайг талууд хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн төмөр замын хүчин чадалтай уялдуулан боомт, уурхайн бүсийн ачилт, буулгалт, шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Эх сурвалж: Зам, тээврийн яам
Сэтгэгдэл үлдээх