Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар энэ оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авав.
Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв. Түүнчлэн нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна.
Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцах юм.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
Монгол Улс, ХБНГУ 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм.
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
“Стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд:

Cудлаач А.Батцэцэг: Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн тэргүүлэх чиглэл болгоно.
ХБНГУ нь Европын холбооны улс төр, эдийн засгийн нөлөө бүхий тэргүүлэх орнуудын нэг бөгөөд Монгол Улстай боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажилласан түүхэн уламжлалтай. Энэ жил хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Тухайлбал, 1926 онд Ардын засгийн бодлогын хүрээнд Д.Нацагдорж, Намхай зэрэг залуусыг Герман улсад сургахаар илгээж байсан нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан чухал үйл явдал юм.
Иймээс цаашид боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлж, стратегийн түншлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон хөгжүүлэхэд бодит ахиц гарна гэдэгт найдаж байна.
Cудлаач П.Мягмардорж: Герман, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломж бий.
Монгол, Германы харилцаа бат бөх, найрсаг суурьтай. Цаашид энэхүү харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, хоёр улсын хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Тухайлбал, Герман улстай ашигт малтмал, технологи, аж үйлдвэрийн салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бодит боломж бий. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд 70 гаруй бизнесийн төлөөлөл багтсан нь эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг нээнэ хэмээн найдаж байна.
Сэтгэгдэл үлдээх