Рио Тинто паркийн менежментийг нийслэлийн захиргаанд хүлээлгэн өглөө

.Graph
2026-10-06

Бидний нэрлэж заншсанаар Рио парк буюу Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг Рио Тинто Монгол ХХК нийслэлийн захиргаанд хүлээлгэн өглөө.

Тус компани нь Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулахад хувь нэмэр оруулж, нийслэлийн эзэмшлийн томоохон ногоон байгууламж болгон хөгжүүлж, тогтвортой үйл ажиллагааг нь хангахаар сүүлийн 3 жил гаруй хугацаанд менежментийг нь хариуцан ажилласан юм. 

Ингэхдээ паркийн өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, зүлэгжүүлэлтийг хариуцахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнгийн соёлыг бий болгохоор олон нийтийн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж иржээ.

Уг төслийг анх 2022 онд Рио Тинто Монгол ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Үндэсний соёл амралын хүрээлэн хамтран эхлүүлж, 2024 онд нээлтээ хийсэн байдаг. Ийнхүү 10 мянга гаруй иргэний санал, хүсэлтэд үндэслэн үндэсний 17 компани, олон зуун хүний хөдөлмөр, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулсан юм.

Энэ үеэр  Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Өнгөрсөн хугацаанд паркаар давхардсан тоогоор 6 сая гаруй хүн үйлчлүүлсэн байна. Өнөөдөр энэ парк зөвхөн ногоон байгууламж биш, харин гэр бүл, хүүхэд залуус, ахмад настан гээд бүх насны хүмүүсийн цуглаж, амарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг хотын чухал орон зай болж хөгжжээ. Энэхүү паркаа олон арван жилийн турш хадгалж, хамгаалан хөгжүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ. 

Мөн Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Хүрээлэнгийн үндсэн мөн чанарыг хадгалж үлдээнэ. Хуушуур, шорлог зарж, шаар хагалдаг газар болгохгүй” хэмээлээ. Мөн нийслэлийн 42 цэгт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe