Хойд хилээр өдөрт 3000 орчим хүн орж, гардаг ОХУ-ын Эрхүү мужийн тарваган тахал судлалын хүрээлэнгийн ажилтан эмэгтэй хүндээр өвдөж, аравдугаар сарын 2-нд нас барсан билээ. Үүнээс болж түүний ойрын хавьтлын 200 орчим хүнийг одоо хянаж байгаа.
Хавьтлуудын биеийн байдал одоогийн байдлаар хэвийн, шинжилгээ нь сөрөг гарсан. Амь хохирогчийн нас баралтын шалтгааныг тодорхойгүй уушгины хатгалгаа гэж үзэж байна. Гэхдээ олон нийтийн дунд тарваган тахал туссан, лабораторид хуруу шил хагалснаас болж халдвар авч нас барсан гэдэг таамаг бий. Үүнийг лабораториос үгүйсгэсэн бөгөөд ажиллах үед осол, алдагдал гараагүй гэж мэдээлсэн байна.
Мөн олон улсын хэвлэлүүдээр Эрхүү мужид шинэ төрлийн тахал гарсан байж болзошгүй хэмээн мэдээлж байна. Ийнхүү мэдээлэхдээ, шинэ төрлийн тахал нь нянгаар үүсгэгдсэн хоруу чанар өндөртэй, антибиотикт тэсвэртэй гэж байгаа юм. Гэсэн ч манай улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Эрхүүгийн нөхцөл байдлыг "тайван" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Манай улсын хойд хилээр оргил үедээ өдөрт дунджаар 3000 орчим хүн орж гардаг. Үүнээс хойд хөршөөс орж ирдэг нь хамгийн ихдээ 500-800 хүн Монгол руу орж ирдэг байна. Хилийн боомтуудаас Эрхүү мужтай хамгийн ойрхон нь Ханх боомт. Тус боомтоор жилд 57 мянган хүн орж гардаг бөгөөд өдөрт дунджаар 100 орчим хүн орж гардаг гэсэн үг юм. Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас сэргийлж, маскаа зүүж гараа сайтар угааж халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх