Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

.Graph
2026-09-23

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзжээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогыг нийслэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлсөн юм.

Зочлох үйлчилгээний салбарынхан хотын 2 хувийн татварыг 1 хувь болгох хүсэлт тавьжээ. Мөн татварын орлогыг нийтийн ариун цэвэр, үйлчилгээний хүртээмж, гэрэлтүүлэг, жуулчны мэдээлэл, аялал жуулчлалын сурталчилгаа, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарын хөгжилд хэрхэн зарцуулахыг тодорхой болгохыг НИТХ болон Нийслэлийн Засаг даргад уриаллаа.

Улмаар бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг бууруулах, хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжих зорилгоор Нийслэл хотын хоёр хувийн албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болсноо НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр зарлалаа.

Уг татварыг хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авагч төлж, борлуулагч суутган төсөвт төвлөрүүлдэг. Иймээс татварын хувь хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн худалдан авалтад төлөх татварын хэмжээ багасаж, хэрэглээг дэмжих ач холбогдолтой юм.

Түүнчлэн хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой бизнес, үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй байх зарчмыг баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe