Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр иргэд автомашины улсын дугаараа хадгалуулахад давтамжтайгаар сунгалт хийлгэх шаардлагагүй болж байна. Мөн иргэд улсын дугаараа хэдэн сар хадгалуулснаас үл хамаараад жилийн үйлчилгээний хураамж 40 мянган төгрөг байх юм.
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, өмнө нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авахад техникийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх шаардлагыг тавьдаг байсан. Харин журмын шинэчлэлийн хүрээнд өмчлөл шилжүүлэх, улсын дугаар солих, хадгалах тохиолдолд техникийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдсан байхад л болох юм.
Мөн өмнөх журмаар банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад эзэмшигчийн бүртгэл гэрчилгээ дээр гардаггүй, программ дээр л бүртгэгддэг байсан. Тиймээс заавал тухайн банк болон банк бусаасаа албан хүсэлт авах шаардлагатай байсан бол одоо өмчлөгч, эзэмшигч гэж давхар бүртгэгдэнэ. Ингэснээр эзэмшигчийн хүсэлтээр тухайн тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг нөхөж авах эсвэл улсын дугаараа гээсэн тохиолдолд та өөрийн хүсэлтээ гаргаад үйлчилгээгээ авах боломжтой болсон.
Үндэсний бүртгэлийн тээврийн хэрэгслийн дугаар нь өөрөө тухайн иргэн буюу хуулийн этгээдийн өмч болж үлдэж байгаа юм. Тиймээс улсын бүртгэлийн дугаараа бусдад зээлдүүлэх, барьцаалах, хадгалах эрх нь хуулиараа нээлттэй болсон.
2024 оны хоёрдугаар сард НИТХ-аас Нийслэлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоож, тухайн оны 11 дүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар шинээр олгохыг зогсоосон. Тухайн үед автомашины улсын дугаар хадгалах хугацаа 90 хоног байсан бөгөөд 3 сард 10,000 төгрөгийн хураамж төлдөг байсан. Харин одоо улсын дугаар хадгалах хугацаа 365 хоног болж, 40 мянган төгрөгийн жилийн хураамж төлөхөөр болжээ.
Автотээврийн үндэсний төв харьяалал харгалзахгүйгээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, нийслэлд 15 салбар, 21 аймаг, 3 сумаар дамжуулан үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх