"Дужуан" хар салхи Японы зүүн эрэг рүү ойртож, Токиогийн ойролцоох Чиба мужийн Босо хойгийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа тул нислэг, галт тэрэг болон олон нийтийн арга хэмжээний хуваарийг хойшлуулж, бараг хоёр сая иргэнийг нүүлгэн шилжүүлж байна.
Тус улсын олон нийтийн телевиз болох NHK-ын мэдээллээр хар салхины улмаас хоёр хүн нас барж, дөрвөн хүн сураггүй болжээ. Мөн Канагава мужид дөрвөн хүн сураггүй алга болсон талаар мэдээллээ.
Энэхүү хар салхи нь Номхон далайд болж буй цуврал шуурганы хамгийн сүүлийнх нь бөгөөд энэ онд Японд бүртгэгдсэн 25 дахь хар салхи юм.
Японы Цаг уурын агентлаг мягмар гараг хүртэл зарим бүсэд их хэмжээний хур тунадас орж болзошгүйг анхааруулсан бөгөөд өчигдөр буюу даваа гарагт их хэмжээний усархаг бороо орж буйг мэдэгдсэн. Тиймээс эргийн бүсийн оршин суугчдыг хөрсний нуралт, нам дор газрын үерээс сэрэмжилж, цаг агаарын албан мэдээллийг тогтмол шалгахыг зөвлөжээ.
Токиогийн эрчим хүчний компани (TEPCO Power Grid)-ийн мэдээлснээр Японд 50,890 айл цахилгаангүй байна. Чиба муж голомтод байсан тул одоогоор 41,130 цахилгаангүй болжээ. Цахилгаан тасалдалд өртсөн бусад бүс нутгуудад Точиги, Сайтама, Канагава, Яманаши, Шизуока орно.
Японы агаарын тээврийн “All Nippon Airways” компани Токиогийн өмнөд хэсгийн Хачижо арал руу зорчих болон тэндээс хөөрөх нислэгүүдээ цуцалжээ. Төмөр замын “JR East” компани мөн Чиба мужийн зарим чиглэлд галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосон байна. Нарита олон улсын нисэх буудал байрладаг бүс хамрагдсан тул нисэх буудал болон зүүн эргийн чиглэлд зорчих иргэдэд саатал, маршрутын өөрчлөлт үүсэхээр байна.
Сэтгэгдэл үлдээх