Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр Улаанбаатар хотод нийт 83 мянга гаруй оюутан их дээд сургууль, коллежид суралцаж байна. Үүний дийлэнх нь орон нутгийн оюутнууд юм. Гэтэл Нийслэлийн 67 оюутны дотуур байранд 4400 гаруй оюутан амьдарч байна.
Харин оюутны дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд түрээсийн байр хайхаас өөр аргагүйд хүрдэг. Гэвч сургуультайгаа ойр түрээсийн байр олоход хэцүү, түрээсийн үнэ өндөр байдгаас гадна барьцаа мөнгө шаарддаг, урсгал зардал нэмэгддэг нь тэдэнд санхүүгийн хувьд хүндрэл учруулдаг аж.
ШУТИС-ийн 3-р курсийн оюутан Б.Ангараг “Оюутны дотуур байранд хүсэлт өгсөн боловч дүүрсэн гэсэн шалтгаанаар орж чадаагүй. Одоо дүүтэйгээ хамт хоёр өрөө байрыг 1.8 сая төгрөгөөр түрээсэлж байгаа. Түрээсийн төлбөрөөс гадна барьцаа мөнгө, урсгал зардал, хүнс, хэрэглээ гээд зардал ихтэй. Насанд хүрсэн том хүн болчхоод ээж ааваасаа мөнгө авахад сэтгэлд хүнд тусаад байдаг болохоор хичээлийн хажуугаар ажил хийдэг. Сургуулийн зүгээс оюутны дотуур байрны хүртээмжийг нэмж, оюутнуудын сурах эрхийг хангаж өгөөч гэж хүсмээр байна”
ШУТИС-ийн 2-р курсийн оюутан Б.Тэмүүжин "Өмнө жил түрээсэлж байсан байрны төлбөр 300 мянгаар нэмэгдсэн. Ар гэрээс явуулсан мөнгө болон өөрөө ажил хийж олсон цалин нийлээд байрны түрээс, урсгал зардал, хоол хүнсэнд зарцуулагдаад хэрэглээнд бараг л мөнгө үлддэггүй"
МУБИС-ийн 2-р курсийн оюутан Э.Баярмаа "Танхимын хичээл эхэлсэн боловч сургуулийн дотуур байрны хүсэлтийн хариу ирээгүй л байгаа. Уг нь өмнө жил сургуулийнхаа дотуур байранд 890 мянгаар амьдарч байсан бол одоо хүсэлтийн хариу ирээгүйн улмаас 1.6 сая төгрөгийн үнэтэй, сургуулиасаа хол байранд орсон"
МУБИС-ийн 3-р курсийн оюутан Б.Азжаргал "Өмнө жил сургуулийн дотуур байранд хамрагдах хүсэлт өгсөн боловч дүүрсэн гэсэн. Түрээсийн байр хайж үзэхэд нэг өрөө байр гэхэд л 1 саяаас эхэлж байсан. Оюутан хүн сар болгон ийм төлбөр төлөөд байх хэцүү. Тиймээс айлд амьдарч байгаа"
Энэ жилийн түрээсийн байрны үнэ судлахад, байршил болон м.кв шалтгаалаад:
Оюутнууд сургалтын төлбөр, амьжиргааны зардлаас гадна ийм өндөр үнээр байр түрээсэлнэ гэдэг тэдэнд болон ар гэрийнхэнд санхүүгийн дарамт болдог байна.
Жил бүр их, дээд сургуульд элсэж буй оюутны тоо нэмэгдэж, оюутны дотуур байрны хүртээмжийн асуудал хөндөгддөг. Тиймээс оюутны байрны хүртээмжийг нэмж, сайжруулах ажлыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх