Б.Энхболд: Иргэдийн эсрэг төрийн албан тушаалтан гомдол гаргах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих эрсдэлтэй

З.Амирлан
2026-09-17

Цахим орчинд нэрээ нууцалсан хэрэглэгчээс хүний нэр төрд хууль бусаар халдах явдал нэмэгджээ. Нөгөөтээгүүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ ямар нэгэн байдлаар илэрхийлсэн иргэдийн эсрэг төрийн байгууллага, албан тушаалтан гомдол гаргах, зарим тохиолдолд зөрчил, эрүүгийн эсрэг үүсгэж шалгах тохиолдолд гарч байна. 

Энэ талаар Хүний Эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд: “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, тэдгээрийг хүлээн авах, түгээх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө бол ардчиллын үндсэн суурь зарчмуудын нэг. 

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх итгэлдээ үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, мөн олон нийтийн сүлжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар УИХ-д танилцуулж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч хэрэгжилт төдийлөн хангалттай сайн биш байна. 

Статистик мэдээллээс үзэхэд 2025 оны 11 сараас өнөөдрийг хүртэл худал мэдээллийг тараах, нэр төр алдар хүндэд халдсан гэх нийт 362 мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Харин өмнөх онуудад 859 гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгож хаасан. Мөн хүний нэр төрд халдсан асуудалд холбогдсон талууд нь тодорхой байгаа тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой эрх зүйн зохицуулалт өнөөдөр үйлчилж байна. 

Мөн  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ ямар нэгэн байдлаар илэрхийлсэн иргэдийн эсрэг төрийн байгууллага, албан тушаалтан гомдол гаргах, зарим тохиолдолд зөрчил, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах тохиолдолд гарч байна.  Энэхүү нөхцөл байдал иргэдийн дунд эргэлзээ, айдас төрүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих эрсдэлийг үүсгэдэг гэж ХЭҮК-оос үзэж байна. 

Монгол Улсын Үндсэн хууль, төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж маш тодорхой заасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын ХЭҮК-оос дараах байр суурийг илэрхийлж байна.

  • Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг хүндэтгэх 
  • Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаарх хууль ёсны шүүмжлэл, олон нийтийн хяналт, баримтад суурилсан болон хараат бус сэтгүүл, сэтгүүл зүйг хязгаарлах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахгүй байх 
  • Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн албан тушаал эрхэлж, олон нийтийн үйл хэрэгт оролцож байгаагийн хувьд тэдний үйл ажиллагаа, шийдвэрт шийдвэр, байр суурь, олон нийтийн хяналт, шүүмжлэлд илүү нээлттэй байх байдлыг хүлээн зөвшөөрч, иргэнийхээ эсрэг гомдол гаргах боломж, нөхцөлийг хязгаарлах зохицуулалтыг олон улсын туршлагад нийцүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Нөгөө талаас хүний нэр төр, алдар хүнд, хувийн болон гэр бүлийн амьдралд дур зоргоороо халдахыг Үндсэн хуульд Олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг. Гэвч өнөөгийн байдлаар цахим орчинд нэрээ нууцалсан хэрэглэгчээс хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд хууль бусаар халдаж, худал мэдээлэл тараасан  явдал газар авч, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Энэ тохиолдолд тухайн мэдээллийг түгээсэн этгээдийг олж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх боломж хомс байна. Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүхээс хуурамч хаягийг эзэмшигчийг тогтоох, гүтгэлэг, халдлагыг таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал хамгаалалтгүй байгаа юм. 

Худал мэдээлэл нийгэмд түгээмэл үзэгдэл болох нь иргэд, олон нийт ямар ч мэдээлэлд итгэхгүй байх, эргэлзэх сөрөг үр дагаварт хүргэж байгаа нь ардчиллын үзэл санааг бүдгэрүүлж, төрд тавих олон нийтийн хяналтыг сулруулахын зэрэгцээ талцал, хуваагдал бий болгох эрсдлийг бий болгож байна. 

Тиймээс бусдын нэр төр, алдар хүндэд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл бэлтгэж, цахим болон бусад хэлбэрээр санаатай түгээсэн хууль бус үйлдлээс иргэдээ хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн Газар тодорхой үр дүн гаргах шаардлагатайг сануулж байна. Үүний дагуу эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохдоо:

  • Улс төрч, төрийн өндөр албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрт шууд хамааралтай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үйлдэлд хамтран оролцсоноос бусад тохиолдолд тэдний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хувийн нууцад өргөн хүрээнд халдаж, гүтгэхгүй байх зарчмуудыг тусгах. Өөрөөр хэлбэл, хүн бүр эрх зүйн этгээд бөгөөд хуулиар хүн бүр үр нөлөөтэй хамгаалагдах энэ боломж, нөхцөлийг төр бүрдүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна.

Эцэст нь хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ ухамсарлаж, үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэйгээ ямагт санаж, бусдыг гүтгэсэн, доромжилсон, хувийн орон зайд халдсан мэдээ, мэдээллийг түгээхгүй байх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах аливаа үйлдлээс татгалзаж байхыг Монгол Улсын ХЭҮК-оос уриалж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe