Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдлээ

.Graph
2026-09-16

Ерөнхий сайд Н.Учрал иргэнтэй “ял наймаалцахыг завдсан” гэх мэдээлэлтэй холбоотой асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоох хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон тус салбарын дээд, дунд шатны зарим удирдлагатай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдлээ. Улмаар тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 16-нд олон нийтэд мэдээлэв.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдөр цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулан “ийм зүйл байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үүнээс дөрөв хоногийн дараа ХЗДХ-ийн сайд болон харьяа байгууллагын зарим удирдлагад хариуцлага тооцох шийдвэрээ зарлалаа.

Тэрбээр:

“Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” гэж мэдэгдэв.

Уг асуудал нь иргэн Б.Булнайгийн нийтэлсэн бичлэгээс үүдэлтэй. Тэрбээр цагдаагийн алба хаагчид ХЗДХ-ийн сайдын нэрийг барьж, залруулга хийвэл хэргийг хаах агуулгатай шаардлага тавьсан гэж мэдэгдсэн юм. Харин С.Амарсайхан үүнийг үгүйсгэж, өөрийнх нь эсрэг гүтгэлэг тарааж байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Талуудын мэдэгдэл болон бичлэгт дурдагдсан асуудлууд үнэн эсэхийг эрх бүхий байгууллагын шалгалтаар эцэслэн тогтооно.

С.Амарсайханы хувьд 2025 оны аравдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхдаа “Хариуцлагын гэрээ зөрчсөн” үндэслэлээр огцорч байв. Ийнхүү тэрбээр дараалсан хоёр Засгийн газрын бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөж байна.

ХЗДХ-ийн сайдын суудал суларснаар Н.Учралын Засгийн газарт шинэ томилгоо хийх шаардлага үүслээ. Зөвхөн салбарын сайдыг нөхөн томилох уу, эсвэл танхимын бүрэлдэхүүнд илүү өргөн хүрээний өөрчлөлт хийх үү гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe