Шүүхэд өгнө шүү!
Заналхийлэл, айлган сүрдүүлэг мэт дүрслэгдэх дээрх өгүүлбэр нөгөө талдаа эрх нь хавчигдсан нэгний аргаа барсандаа намайг бас хамгаалах газар бий юм шүү дээ гэсэн найдварын илэрхийлэл.
Тийм учраас шүүх засаглал чухал.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Цэндийн Цогт энэ оны зургаадугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн албан тушаалд нь томилсон зарлигийг гардан авч байв.
Ийнхүү зургаан жил элээх суудлаа зуны гурван сар таньж аваад, уржигдар ойрын шинэчлэл, сонин хачнаа хуучиллаа.
Түүний хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр 2020 оноос хойш ажилласан туршлагатай. Тамга атгах болсноор гадаад харилцаанд төлөөлөх, Тамгын газрын дарга, Шүүхийн академийн захирлыг томилох, чөлөөлөх зэрэг багагүй эрх хэмжээ эдлэх болсон.
Тэгвэл өөрийнх нь дурдсанаар шалаар нэг буй иргэдийн итгэл, шоовдор хүүхэд мэт шүүх засаглалд ямар гарчиг тавьж, шинэ хуудас нээж буйгаа сэтгүүлчдэд дараах байдлаар танилцуулав.
Шүүх эрх мэдлийн цөм нь шүүн таслах ажиллагаа
Хаалттай хаалганы онол гэж бий. Энэ нь хүн мэдэхгүй, хаалттай сэдвээс айх, улмаар тэрхүү хоосон орон зайг хуурамч хардлагаар ч болов нөхөх, төөрөгдөх үзэгдэл.
Тэгвэл Ерөнхий шүүгч Ц.Цогт шүүх байгууллагын гол үйл ажиллагаа болох хэрэг маргаан шүүн таслах мэдээллийг аль болох нээлттэй байлгах, ач холбогдлыг нэн тэргүүнд эрэмбэлэн түгээх эрмэлзэлтэй байна.
Ингэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хороотой нягт хамтран ажиллаж байгаа гэв.
Тэд шүүх болон хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллага дундын талбарыг бий болгожээ.
Үүнийг https://caseline.supremecourt.mn/ системээр нэвтрэн ашиглаж болох ба Ерөнхий шүүгч өөрийн биеэр хариуцан ажиллуулна гэв.
Хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллага хэмээн цохон тэмдэглэсний учир алив хэрэг маргаантай холбоотой баталгаагүй мэдээллийг шууд түгээхээс урьтан тус системээр хүсэлт гарган тодруулж, үнэн бодит эсэхийг батжуулах шаардлагатайг сануулсан.
Цаашлаад мөн аппликэйшн ажиллуулахаар бэлтгэж буй ба санал авч, хөгжүүлнэ, энэ сарын 25-аас зурагтаар шүүхийн суваг гарч, шүүх хурлуудыг шууд дамжуулдаг болно, иргэний шүүхэд цаасаар нэхэмжлэл авахаа больж цахим систем туршиж байна.
Булаалдах юмгүй
Шүүх засаглалыг тэргүүлж буй гэдэг утгаар сэтгүүлчид шүүхийн байрнаас эхлээд шүүгчийн ёс зүй, хүний нөөц хүртэл эс ширхэг бүрээр нь шалгаав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталснаас хойш шүүхийн захиргааны үйл ажиллагаа болон Улсын дээд шүүхийн чиг үүрэг харьцангуй тодорхой болж, зураас татагдсан нь Шүүхийн ерөнхий зөвлөл.
Дээр дурдсан байр сав зэрэг шүүхийг хэвийн үйл ажиллагаа эрхлэхэд чиглэх үүргийг дээрх байгууллага толгой мэдэн хариуцаж буй гэхэд буруудахгүй. Энэ нь уулзалтын үеэр дурсагдаж байснаар хэн нэгэн улс төрч, Сангийн яамны албан тушаалтныг шүүгч дагаж гүйн төсөв санхүүгээ батлуулах гэж царайчилдаг явдлыг халсан.
Гэхдээ Ерөнхий шүүгч бүх зүйл дээр нүдээ аниад, тэд л хийчихнэ хэмээн гараа хумхих нэр биш аж. Ц.Цогт шүүгч бүх асуултад торох юмгүй хариулж, ирэх оны төсвөөс Гэр бүлийн шүүхийн төсвийн барилгыг хассан гунигт мэдээнээс эхлээд цаашид шүүхийн үйл ажиллагааг сайжруулах журмуудыг шинэчлэх гэж буй хүртэл чухал мэдээллүүдийг ч өгсөн. Үүнээс харахад нээрээ л уялдаа холбоо сайтай байна.
Мөн тэр “Бидэнд булаалдах юм байхгүй. Юу л байна, шалаар нэг шүүхийн нэр хүнд байна. Харин бид нэг л зорилготой” хэмээн тодорхойлсноор түүний зүгээс яамны хаалга сахихаас бусдаар шүүхийг төвхнүүлэх ажилд гар бие шамдахаар зэхсэн нь илэрхий.
Энэ зорилго уг нь дан ганц шүүх засаглалаар тогтохгүй. Иргэд шүүхэд итгэхгүй байна гэдэг нь тэд төрд итгэхгүй байна гэсэн үг. Иймд шүүхийн асуудал өөрөө Монголын төрийн асуудал мөн.
Харамсалтай нь Үндсэн хуульд заасан шүүхийн үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг хангах үүргээ төр хэзээд хойш тавьдаг.
Шүүхийн тухайн хуульд заасан төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглосон заалт Төрийн хэмнэлтийн тухай хуулиар шалтаглан Сангийн яамны гараар зөрчигддөг.
Гэтэл яамны бидэ суултуур, хожим шүүхэд дуудагдах зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ зэрэг үргүй зардлуудад хэзээ ч гар татаж байсангүй.
Ерөнхий шүүгчийн манлайлал
Монгол Улс шударга ёсны хямралд буй. Төрийн ордонд нэр цэвэр, ажил хөдөлмөр, хийсэн бүтээснээрээ нийтийн хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч алга.
Ил гарсан, танигдсан нь нэг талаас өндөг шидүүлээд буух, эсвэл хэт өргөмжлүүлж, мухар сохроор дагагсаддаа өргүүлээд үлдэх гэсэн хоёр туйлын дунд дээсэн дөрөөн дээр алхагсад.
Энэ бүхний эцэст хэн ч хэнд ч итгэхээ больж, зөв бурууг ялгаж салгах ч тэнхэл барагдах болсон. Үүнийг Монгол Улсын нийгмийн үеийн судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь ёс суртахуун, шударга ёс зэрэг үзүүлэлт 1990 онтой харьцуулахад муудсан хэмээн үнэлснээс харж болно.
Тэгвэл шударга ёсны манаач, шүүх засаглал, шүүгч хүн нийтийг хагаралдуулах, төөрөгдүүлэх, итгэл алдрах шалтгаан бус урьдчилан сэргийлэгч байх учиртай. Яг энд л дөрөвдэгч засаглал гэгдэх сэтгүүл зүй болон шүүх байгууллагын үнэт зүйл огтлолцож байна.
Дээрх чиглэлд манай улс Германы жишээг эш татан тусгайлан хэвлэлтэй харилцдаг шүүгч(press judge) ажиллаж эхлэхээр болжээ. Манай системд энэ үүргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч гүйцэтгэх боломжтой хэмээв.
Шүүгч алив нөлөөллөөс ангид байхын тулд аль болох далд байж, олны анхаарлаас хол байх нь зайлшгүй гэх ойлголт бий. Үүнээс болоод Хаалттай хаалганы онолоор хэвийн хүн бус мэт үнэлэгдэх болсон.
Харин дээрх санаачилга шинэлэг бөгөөд буруу ойлголтыг засах, шүүх үүд хаалгаа бүрэн нээж, Шүүхийн тухай хуульд заасан ил тод байх зарчмын биелэл болно.
Сүүлийн 10-аад жил, түүнээс цааш ч байж мэднэ шүүгч тэр дундаа хэн нэг ерөнхий шүүгч хэвлэлийнхэнтэй улаан нүүрээрээ уулзаад, мэдээлэл өгсөн тохиолдол тун ховор. Тухайлсан ярилцлага, нэвтрүүлэгт уригдан оролцсон нь ч гарын таван хуруунд тоологдохоор цөөн.
Ц.Цогт шүүгчийн хувьд хэзэнээс хараат бус байдлаа хангах нь өөрийгөө дөрвөн хананы дунд хорих хэлбэрийн төдий асуудал бус тухай хэлж ярьсаар ирсэн.
Түүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдсоныхоо дараа өрөөнийхөө ханыг буулгаж, ил тод байдлыг үлгэрлэж байсан талаар хуулийн салбарынхан амнаас ам дамжин ярьдаг.
Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болсныхоо дараа ч энэ үзэл баримтлалдаа бат зогсож, Монгол Улсын 550 гаруй шүүгчийг манлайлан шүүх, олон нийтийн дундах ханыг нурааж байна.
Сэтгэгдэл үлдээх