MMCG судалгааны байгууллага 2023 оноос эхлэн Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон компаниуд болох Эрдэнэт ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК-ийн эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох судалгаа хийлээ. Дурдсан компаниуд улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдэг татвар хураамжаараа эхний дөрвөн байрт жагсдаг.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гуравны нэг орчмыг уул уурхайн компаниудын төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамж, АМНАТ-ийн орлогоор бүрдүүлдэг. Энэ бол компаниудын нийгэм, эдийн засагт үзүүлж буй шууд үр өгөөж гэж хэлж болно.
Тэгвэл татвар хураамжаас гадна компаниудын бий болгосон ажлын байр, ханган нийлүүлэгчид, орон нутгийн хөгжил, үйлдвэр, дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засаг, нийгэмд ямар өгөөж орж ирж буйг тодорхойлох нь энэхүү судалгааны зорилго байлаа.
Судалгааны зарим голчлох үр дүнгээс дурдвал:
- Монгол Улсын эдийн засаг, ДНБ-д үзүүлж буй нөлөөг харьцуулвал Оюу толгой ХХК 9%, Эрдэнэт ТӨҮГ 5%, Энержи Ресурс ХХК нь 2%-тай тус тус тэнцэж байна. Олон улсынхтай харьцуулвал Samsung Electronics БНСУ-ын ДНБ-ний 10%-тай, Аpple компани АНУ-ын ДНБ-ий 0.5%-тай тэнцэх эдийн засгийн нөлөө үзүүлсэн байдаг.
- Ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгчдээр дамжин бий болсон нэмүү үнэ цэн Энержи Ресурс компанийн хувьд Эрдэнэт ТӨҮГ-аас 14%, Оюу толгой ХХК-аас 26% өндөр байна.
- 2009 оноос өмнө Өмнөговь аймаг хүн амаа төв рүү эрчтэй алдаж байсан бол уул уурхайн нөлөөгөөр 2009 оноос хойш хүнээ татаж, Цогтцэций, Ханбогд сумууд Эрдэнэтийн дараа орох шинэ суурьшлын бүс болон хөгжиж, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, бизнесийн идэвхжил эрс сайжирлаа.
- Нүүрсийг дан түүхийгээр экспортолж байсан манай улс Ухаа худаг дахь Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэртэй болсноор эдийн засагт нэг тэрбум орчим ам.долларын нэмэлт орлого орж ирсэн байна.
- Өмнийн бүсэд Ухаа худагийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгааны импортоор гадагшаа алдах байсан 118 сая ам.долларын валютын урсгалыг дотоодод үлдээжээ. Түүнчлэн энэхүү цахилгаан станц нь өмнөд бүсийн хэрэглэгчдэд борлуулсан цахилгаан эрчим хүчний тал орчим хувьтай тэнцэх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд өвлийн улирлын оргил ачааллын үед төвийн эрчим хүчний ачааллаас хуваалцаж байна.
- Олборлолт, баяжуулалт, тээвэрлэлт, экспорт гээд цогцоор нь, үр ашигтай шийдвэрлэсэн нүүрсний аж үйлдвэрийн цогцолбор нь нүүрсний салбарын олборлолт, ДНБ, төсвийн орлогын 8 – 12 хувийг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх