40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ

З.Амирлан
2026-09-14

Номонд дуртай, хайртай бүх насныханд зориулсан 40 дэх удаагийн “Номын баяр” энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг тус үйл ажиллагаа нь энэ жил Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болохоороо онцлогтой.

Гурван өдөр үргэлжлэх “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог учраас зөвхөн нийслэлийнхэн гэлтгүй орон нутгаас ч энэхүү баярыг хүлээж, зорин ирдэг болсон билээ.

Энэ удаагийн номын баяраар хилийн чанадаас онцлох чухал зочид урьжээ. Тухайлбал, олон улсын хэвлэлийн салбарт Энэтхэгийг төлөөлөн оролцдог “Aazhi” паблишингийн үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Азийн хамгийн том хүүхдийн номын баярын нэг болох “Нами” фестивалийн захирал Фрэд Минн багийнхаа хамт, Японы зурагт номын нэрт зохиолчид болох Хоса Сачиёо, Ито Хироши, мөн Киргизийн нэрт зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев, “IBBY” Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн ерөнхийлөгч асан, гүйцэтгэх хорооны гишүүн Жан Минжөү тэргүүтэн Монголд анх удаа ирж, 40 дэх удаагийн “Номын баяр”-т оролцоно. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Японоос ном, хэвлэлийн салбарын томоохон төлөөлөгчид ирэх аж.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe