Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр төсвийн тодотголд тусгасан гэх асуудал гараад буй. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан төсвийн тодотгол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Намайг эзгүйд элдвээр харлуулахыг оролдож, үндсэндээ намайг Монгол төрийн “түгжил” гэж байна. Би Монгол төрийн “түгжил” биш харин жинхэнэ “түгжил”-үүдийг албан ёсоор баримттайгаар нэрлэе, зарлая.
Би Монголын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш Монголын ямар нэгэн улс төрийн бүлэглэлд тангараг өргөж, ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Би Монголын УИХ-д дөрвөн удаа сонгогдож, засгийн газрын гишүүнээр гурван удаа ажиллахдаа ямар нэг байдлаар “түгжил”-ийн дүрд тоглоогүй, тоглох ч үгүй.
2026 оны улсын төсөвт өргөн барьсан “Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” арга хэмжээний 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлуудаар өнгөрсөн долоо хоногт ард түмнийг талцуулсан маш олон мэдээлэл өрнөлөө.
Өнөөдөр Монголын төрийг хагалж, бутаргаж байгаа бүлэглэл бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөд болохыг албан ёсоор зарлая.
Намайг 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхад Батцэцэг гэх бүсгүйг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байсан. Намайг ажлаа өгсний дараа яамныхантайгаа өс зангидсан. Хаа яваа газраа Боловсролын яамтай холбоотой бүх файл надад байгаа шүү гэж явдаг.
Энэ файлыг олон нийтэд санаатайгаар задалж, сэвсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гишүүн юм.
УИХ дээр зөвхөн 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсан. Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Өнгөрсөн таван сарын турш “Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” хөтөлбөртэй холбоотой бичиг баримтуудыг батлуулахын тулд маш олон файл бэлтгэсэн. Улсын төсөв батлагдсаны дараа төсөвт тусгагдсан санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч нар тендерийн тухай хуулиар худалдан авалтыг зохицуулдаг.
Улсын төсөв батлагдаагүй байхад зарим хувийн сургуульд санхүүжилт олгох гэж байна гэх увайгүй үйлдлээ зогсоо гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байна. Тэр гарч ирсэн эксэл файлууд бол зөвхөн ажлын хүснэгтүүд.
Энэ хүмүүс гурав дахь жилээ улсын төсөв батлах гэж байгаа УИХ-ын гишүүд. Улсын төсөв хэрхэн батлагддаг талаар маш ойлгомжтой, мэдлэг чадвартай гишүүд гэдэгт би бүрэн итгэж байгаа. Гэхдээ энэ хүмүүс барьцаалагдсан байна.
Гэрт ойрхон сургууль арга хэмжээ бол өнөөдөр сургуульгүй, цэцэрлэггүй байгаа 20 мянган хүүхдэд зориулсан боломж. Энэ арга хэмжээг эсэргүүцээд байгаа нэр бүхий гишүүдийн хүүхдүүд бүгд хувийн сургуульд сурдаг юм байна. Энэ гишүүдийн үр хүүхдүүдтэй хичээлийн анги танхимд ардын хүүхдүүд хамт сууж болохгүй юу?
Өнөөдөр би албан ёсоор цагдаа болон АТГ-т шалгуулахаар, нэр төрөө сэргээхээр хандана. Би УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр шалгуулъя гэж байсан. Надад айх, ичих, ухрах зүйл өчүүхэн ч байхгүй.
Боловсролын яамны ажилтнууд санаатайгаар, дарамтад орж энэ файлыг дэлгэсэн юм биш биз гэж хардаж байгаа. Эксэл файл шүү дээ. Үхэл, амьдралын зааг дээр байсан Ерөнхий сайд ийм зүйл хийх үү? Би түүнтэй таван сар хамт ажиллаж байна. Түүний эр зоригийг үнэлж байгаа. Ийм увайгүй үйлдлээ таслан зогсоо. Гэхдээ би ямар нэгэн төрийн албан хаагчийг золиослохгүй. Золиослох ёстой бол өөрийгөө золиосолъё” гэв.
Сэтгэгдэл үлдээх