Цагдаа цагийн найз биш
Юу болов?
- Сүүлийн 10 жилийн хугацаанд хууль зүй, дотоод хэргийн салбарт 7 сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргаар 6 хүн ажиллажээ.
- Харьцуулаад харвал, улс төрчид Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удалгүй Цагдаагийн ерөнхий газрын даргыг сольж байсан бөгөөд цагдаагийн дарга нар ч зүгээр байсангүй.
- Тэгвэл сүүлийн арван жилд сайд болон цагдаагийн дарга нар ямар хамаарлаар ажиллаж байсныг шүүж үзье.
С.Бямбацогт-Ө.Энхтөр
- С.Бямбацогт 2016 оны долдугаар сард ХЗДХ-ийн сайд болсон. Энэ үед ЦЕГ-ийн даргаар Р.Чингис ажиллаж байсан бөгөөд тус оны 12 дугаар сард Ө.Энхтөрийг ЦЕГ-ын даргаар томилсон.
- Ө.Энхтөр нь төрийн албаны жамаар шатлан өгссөн ч улс төрийн нөлөөллөөс ангид байж чадалгүй, системийн шинэчлэлээс илүү албан тушаалын сэлгээ, фракцын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хэмээн шүүмжлүүлдэг байсан.
- Түүнийг “Шударга бусын хонгилын цагдаа” гэдэг байсан бөгөөд МАНАН бүлэглэлийн гар хөл болж яваад дарга болсон гэж Н.Алтанхуяг мэдэгдэж байсан.
Ц.Нямдорж-С.Баатаржав
- Ц.Нямдорж 2017 оны аравдугаар сард сайдаар ирэнгүүтээ Ө.Энхтөрийг цагийн дотор солино мэдээлэл хийж байгаад сольсон билээ.
- Тухайн үед ТЕГ-ын дарга Б.Хурц ажиллаж байсан бөгөөд "Ц.Нямдорж сайд өрөөндөө дуудаж хэргийг хаа гэж дарамтлаад байна гэж Ө.Энхтөр хэлж байсан" гэж мэдэгдсэн. Үүний араас Ц.Нямдорж "Би цагдаагийн даргыг цагийн дотор солино. Харж байгаарай" гээд сольж байсан түүхтэй.
- Ингээд Ө.Энхтөрийн оронд 2017 оны аравдугаар сард С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон билээ.
- С.Баатаржав даргын үед цагдаагийн албан хаагчид хүчирхийлэл үйлдэж, иргэдийн эрүүдэн шүүсэн хэд хэдэн хэрэг гарсан байдаг. Түүнийг даргалж байх хугацаанд иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэл түүхэндээ хамгийн доод түвшинд хүрсэн хэмээн шүүмжлүүлэх нь бий.
- Мөн ХЭҮК-ын 2018, 2019 оны тайланд түүнийг даргалж байх үед ЦЕГ иргэний өлсгөлөнг хууль бусаар таслан зогсоож, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хавчин шахаж, иргэдийн хууль бусаар баривчилж байсан талаар дурдсан байдаг.
- Тэрээр үүнийхээ шагналыг ч авсан. Буусныхаа дараа генерал болж, ХЗДХ-ийн дэд сайд, Унгарт суух элчин сайд зэрэг албан тушаалд суужээ.
Х.Нямбаатар-Ж.Болд
- Ц.Нямдоржийн дараа 2020 оны долдугаар сард Х.Нямбаатар сайдаар томилогдоход ЦЕГ-ын дарга уламжлал ёсоор солигдож, Ж.Болд болов.
- Энэ үед Хэнтийгээс төрсөн улс төрчид эрх мэдлийг эзэмшиж байсан ба тэд Хэнтий аймгаар холбогддог. Ж.Болд Хэнтийнх, Х.Нямбаатарын аав Хэнтийнх билээ.
- Тэднийг даргалах үед цар тахлын онцгой нөхцөл байдал байсан бөгөөд ЦЕГ хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. Тухайлбал, цар тахлын үед жагсаал цуглаан хийх боломжийг хааж, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг баривчилж байсан удаатай. Түүнчлэн No war, No double standart хөдөлгөөний гишүүдийг баривчилсан нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан хэмээн шүүмжлүүлж байлаа.
- Хамгийн чухал нь, цар тахлын үед эрүүдэн шүүлт маш өндөр байсан бөгөөд 53 хүнийг хууль бусаар баривчилж, зүй бусаар харьцсанаар дөнгөж 3 нь л ял авсан талаар судалгааны байгууллага дурдсан байдаг.
- Түүнчлэн ХЭҮК-оос ЦЕГ иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байгаа талаар зөвлөмжийг гаргаж байжээ.
- Ж.Болдыг улс төрийн хүрээнд 30-ийн бүлгийн хамгаалагч хэмээн харддаг. Учир нь, тэрээр Х.Нямбаатарын үед болон С.Амарсайханы үед ЦЕГ-ын даргыг хийж байгаа нь ингэж хардахад хүргэдэг юм.
Гурван сайд ба Т.Сүхболд
- ЦЕГ-ын даргаар 2023 оны есдүгээр сард томилогдсон Т.Сүхболд 2025 оны аравдугаар сард буух хүртлээ гурван сайдын нүүр үзжээ. Түүнийг анх Б.Энхбаяр томилж, дараагаар нь О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар нар сайд болсон.
- Хачирхалтай нь, Т.Сүхболдыг энгийн нэг цагдаа явахад нь Эрүүгийн цагдаагийн даргаар томилсон хүн нь өмнөх дарга Ж.Болд байдаг. МАН-ын 30-ын бүлгийн цагдаа дахь нөлөө алдагдахгүй явсаар байсан гэсэн үг.
- АН-аас томилогдсон сайд О.Алтангэрэл, МАН-аас томилогдсон сайд Л.Мөнхбаатар нар ЦЕГ-ын даргыг солих хэмжээний эрх мэдэлгүй байсан гэж хэлэхэд буруудахгүй.
- Т.Сүхболдын үед дөрвөн цагдаа 13 настай охиныг хүчирхийлсэн, 461 дүгээр ангид түр саатуулагдаж байсан иргэн нас барсан хэрэг гээд аймшигт хэргүүд ар араасаа гарч байсан. 13 настай охиныг хүчирхийлсэн цагдаа нарын даргыг нь ажлаас халсан нэрийдлээр сэлгэн ажиллуулж байсан нь мөн илэрч байлаа.
- Түүний үед ноорог.мн сайтын залуусыг шалгасан бөгөөд тэднээс юу ч илрээгүй билээ.
- Энэ бүхний эцэст тэрээр Бригадын генерал болсон юм.
С.Амарсайхан-Ж.Болд
- ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр хоёр дахь удаагаа ажиллахдаа Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилсон. Гэвч удалгүй түүний сайдын суудал С.Амарсайханд шилжсэн билээ.
- Ж.Болдын хувьд 30-ын бүлгийг хамгаалж ажилладаг хэмээн хардагддаг бөгөөд С.Амарсайхан бол 30-ын бүлгийн нэг юм.
- Ж.Болдын үед өндрийг аваад байгаа асуудал бол сайдынхаа тушаалаар иргэнийг сүрдүүлдэг үү гэх хардлага. Тодруулбал, иргэн Б-г цагдаагийн дэд дарга гэрт нь очиж, сүрдүүлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
- Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан Философич С.Молор-Эрдэнийг сайдын тушаалаар ЦЕГ баривчилж, цагдан хорьсон.
- Мөн “Урьханы” Чинбат нарын мэдээлэлтэй холбогдуулан хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх ажлыг эрчимжүүлж, түүнтэй хамтран ажилласан албан тушаалтанг дотоод хяналт шалгалтаар тогтоож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг сайд нь өгсөн юм. Тэгвэл үүний дараагаар Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг чөлөөлж, оронд нь Ч.Мөнхбаатарыг даргаар томилсон гэх мэт сайдаас хамаарсан томилгоо, баривчилгаа хийгдсээр байна.
Үр дүнд нь…
- Томилогдсон сайд бүр цагдаагийн дотоод ажилд оролцдоггүй, цагдаагийн дарга нар сайдаасаа бие даасан хараат бусаар ажилладаг гэж ярьдаг. Гэвч тэд цагдаагийн даргыг цагийн найзаа болгосоор өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ.
- Цагдаа хуульд биш, томилсон сайддаа үйлчилж, мөрдөн шалгах ажиллагаа, жагсаал цуглааны зохицуулалт, томоохон хэрэг дээр улс төрийн нөлөө орсоор байна. Үүний дүнд энгийн иргэдэд хууль тэгш бус үйлчилж, хууль бус явдлууд газар авсаар, иргэдийн цагдаад итгэх итгэл алдагдлаа.
Шийдэл юу вэ?
- Сайд, дарга хоёрын хамаарлыг арилгах боломжгүй. Учир нь цагдаа эцсийн дүндээ Засгийн газрын бодлогын хүрээнд ажиллана. Харин сайдын улс төрийн нөлөөг ЦЕГ-ын өдөр тутмын ажиллагаа, томилгоо, мөрдөн шалгалтаас тусгаарлах боломжтой.
- ЦЕГ-ын даргыг ХЗДХ-ийн сайд томилдгийг болиулж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, мэргэжлийн хараат бус комисс нэр дэвшигчдийг шүүгээд Засгийн газар эсвэл УИХ-аар томилуулдаг болох хэрэгтэй.
- Мөн бүрэн эрхийн хугацаатай болгож, сайд солигдох болгонд ЦЕГ-ын даргыг сольдоггүй болгосноор улс төрийн нөлөөг багасгаж чадна. Мөн үүнийгээ хамгаалахын тулд ЦЕГ-ын даргыг дур мэдэн чөлөөлөхийг хориглож, хуульд тодорхой заасан үндэслэлээр, тайлбар бүхий шийдвэрээр чөлөөлдөг байх зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.
Newsletter Subscribe
Сэтгэгдэл үлдээх