Монгол охидоо К-попын оргилд харах уу

.Graph
2026-09-14

50 сая гаруй хүн амтай БНСУ-ын К-поп ертөнцөд хоёр монгол охин нэгэн зэрэг уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн нь 2026 оны томоохон үйл явдлуудын нэг. Тэдний NAVILLERA охидын хамтлаг “Troy Entertainment”-ийн харьяанд 2026 оны хоёрдугаар сарын 3-нд “NO LIMIT” анхны дуугаа цацсан юм. Тухайн үед хамтлаг дөрвөн гишүүнтэй байв.

Тэдний хоёр нь Монголын уран бүтээлчид болох Melody(Я.Эгшиглэн), Enny(Б.Энэрэл) нар байлаа. Харин зургаадугаар сард Dahlia шинэ гишүүнээр нэмэгдсэнээр NAVILLERA таван гишүүнтэй болсон байна.

К-попын Грэмми гэгддэг “MAMA Awards” хөгжмийн наадам Японы Осака хотод 2026 оны 11 дүгээр сарын 20-21-нд болно. Наадмын хамгийн гол хэсэг бол фэнүүдийн шууд санал хураалт байдаг.

Navillera хамтлаг:

  • Best New Female Artist
  • Worldwide Fans' Choice
  • Artist of the Year - Rookie Category төрлүүдэд нэр дэвших боломжтой.

Гол санал хураалт  10 дугаар сарын дундуур эхлэхээр хүлээгдэж байна.

1-р шатны санал хураалт: 10 дүгээр сарын 15-25-ны орчимд эхэлж, фэнүүдийн саналаар шилдэг хамтлагуудыг тунаж үлдээдэг.

2-р шатны санал хураал): 10 дүгээр сарын төгсгөлөөс 11 дүгээр сарын 10 орчим хүртэл үргэлжилж, эцсийн ялагчийг тодруулах үндсэн санал хураалт явагдана. 

“Mnet Plus” аппликэйшн утсандаа татан, өдөр бүр алгасахгүй саналаа өгөх “X” платформ дээр #MAMAVOTE #NAVILLERA зэрэг тусгай хаштаг ашиглан хамтлагийг дэмжсэн жиргээг олноор оруулах нь монгол охидоо дэлхийн тайзан дээр харахад нөлөөлөх юм.

Түүхийн эхлэл

"Troy Entertainment" 2023 оны долоодугаар сард дадлагажигч Enny болон Melody нарт зориулан хамтарсан инстаграм хуудас нээж байжээ. Дараа нь 2024 оны 12 дугаар сараас эхлэн тэдний хамтран дуулсан бичлэгүүдийг нийтэлж, хоёр уран бүтээлчийг бэлтгэж буйгаа харуулдаг байв. Олон нийтэд харагдсан NAVILLERA хамтлагийн анхны тайзны цаана хоёр монгол охины хэдэн жилийн бэлтгэл байсан гэсэн үг.

Харин 2026 оны нэгдүгээр сарын 11-нд шинэ хамтлаг гаргах гэж буйгаа зарласан. 

“NAVILLERA” буюу эрвээхэй мэт нисэх

“Navillera” гэдэг нэр нь солонгос хэлний “나비” буюу эрвээхэй мэт нисэх дүрслэл агуулдаг. Хамтлаг “NO LIMIT” дуундаа хязгааргүй нисэж, дэлхийд нөлөө үзүүлэх уран бүтээлчид болох хүсэл зорилгоо тайлбарласан байдаг.

Өнөөдрийг хүртэл Монголын уран бүтээлчид олон улсын тэмцээн, фестиваль, хамтарсан уран бүтээлээр дамжин гадаадын үзэгчдэд хүрч ирсэн.

Харин K-pop-ын хувьд зам нь арай өөр. Энд зөвхөн сайн дуулдаг байх хангалтгүй. Олон шалгаруулалт давж, бэлтгэл хийж, хамтлагийн концепцод нийцэж, тайзны өрсөлдөөнийг давах шаардлагатай.

Тиймээс NAVILLERA хамтлагийн хоёр монгол гишүүний замнал Монголын залуу уран бүтээлчдэд “гадаадын зах зээлд гарах” гэдэг ойлголтыг нэг шат ахиуллаа.

Өмнө нь Монголын хүүхэд, залуус K-попыг дэлгэцээр үзэж, дууг нь сонсож, бүжгийг нь дуурайдаг байсан бол одоо Монголын хоёр охин тэр тайзан дээр өөрсдөө гарч байна.

Гэхдээ NAVILLERA одоогоор дэлхийн хамгийн том К-поп хамтлагуудын хэмжээнд хүрсэн гэж хэлэхэд эрт.

Тэдний өмнө K-попын асар том зах зээл, олон зуун шинэ уран бүтээлчид, богино хугацаанд өөрчлөгддөг трендүүд, олон улсын үзэгчид байна.

Шинэ хамтлагийн хувьд хамгийн том сорилт нь цаашид өөрийн гэсэн фэнүүдийн хүрээг бий болгох, тогтвортой уран бүтээл гаргах, хөгжмийн зах зээлд өөрийн өнгө төрхийг тогтоох юм.

Монголын хоёр гишүүний хувьд зөвхөн өөрсдийн мөрөөдлөөс гадна Монголын уран бүтээлч дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй хөгжмийн салбарт байр сууриа бий болгож болохыг харуулахын төлөө тайзан дээр гарч байна.

Эрвээхэй мэт NAVILLERA хэчнээн өндөр нисэхийг цаг хугацаа харуулна. Харин Монголын хоёр охин аль хэдийн далавчаа дэлгэсэн.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe