Нүдний шил, улавч, ариун цэврийн хэрэглэлээр аливаа өвчнийг эдгээхгүй

З.Амирлан
2026-09-10

2026 оны 02 дугаар сарын 28-нд Zoloo Uka хаягаас Whieda брэндийн улавч, нүдний шил танилцуулж, сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 124 реакц, 33 сэтгэгдлээр идэвхжүүлж, 105 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “албан ёсны qr кодтой улавч, логотой шил. Whieda брэндийн шил нь Анионтой хүчилтөрөгчтэй, маш олон хүнд үр дүн өгсөн байгалийн эмтэй шил, нүднээс нулимс гарах, нуухтах, загатнах асуудлыг шийднэ” гэх агуулгыг дурджээ. Zoloo Uka хаягаас 2026 оны 03 дугаар сарын 12-нд нийтэлсэн нүдний шилний тухай бичлэгт “...Нүдний өөхлөлт, даралттай, толгой өвддөг, нойрны асуудалтай хүмүүст Whieda компанийн шил хэрэглээрэй…” гэх агуулга дурдсан байна. Тус бичлэгийг нийт 227 реакц, 56 сэтгэгдлээр идэвхжүүлж, 104 удаа цааш түгээжээ.

Мөн тус хаягаас 04 дүгээр сарын 09-нд “Анионтой буюу хүчилтөрөгч ялгаруулдаг хэрэглэл… антиоксидант буюу исэлдэх урвал явагддаггүй. Биеийн юм өвдөлтийг намдаадаг. Эвгүй үнэрийг дардаг. Энэ ариун цэврийн хэрэглэлийг байнгын хэрэглэснээр эмэгтэйчүүдийн асуудал, хавдрын асуудлыг шийддэг” гэх агуулга бүхий анионтой ариун цэврийн хэрэглэл сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Үүнийг Монголын баримт шалгах төв(МБШТ) дараах байдлаар баримтаар шалгажээ.   

Улавч хэрэглэснээр яс тэгшилж, үе мөчний өвчин, суултыг эмчилнэ гэх шинжлэх ухааны судалгаа, нотолгоо байхгүй

Бид өмнөх “Хөлийн нум дэмжих энгийн улавчийг хэтрүүлэн сурталчилж, төөрөгдүүлжээ” баримт шалгалтаараа Whieda брэндийн улавч гэх бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилсан мэдээллийг шалгаж, тус бүтээгдэхүүн нь хор гадагшлуулж, олон төрлийн өвчнийг эмчлэх боломжгүй гэдгийг мэдээлсэн.  Мөн дээрх баримт шалгалтад улавч хэрэглэх нь биеийн тогтвортой байдлыг сайжруулах, тэнцвэрлүүлэх, өвдөлтийг намдаахад нөлөөлдөг ч нурууны мурийлт, суултыг эмчлэхгүй гэж дүгнэсэн судалгаануудыг тусгасан юм.

“Цэнхэр туяанаас хамгаалах шил” гэх бүтээгдэхүүн ямар ч өөрчлөлт өгдөггүй бөгөөд нүдний өвчнийг эмчлэхгүй

Whieda гэдэг нь World Health Industry Economic Development Alliance гэх үгийн товчлол бөгөөд орчуулбал “Дэлхийн эрүүл мэндийн үйлдвэрлэл ба эдийн засгийн хөгжлийн холбоо” гэх нэртэй бөгөөд төв нь Хятад улсад байршилтай. Компанийн танилцуулгад эрүүл мэндийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөхүйц баталгаа, баримт бичиг, нотлох баримт байхгүй, харин сурталчилгааны шинжтэй мэдээлэл оруулжээ.

Whieda брэндийн бүтээгдэхүүн борлуулдаг вэбсайтад (eu.whieda.org, whiedahealth.com, whieda.co.uk) шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүнийг компьютер, утас зэрэг цэнхэр дэлгэц харах үед хэрэглэх сөрөг ион цэнэгтэй (анионтой), цэнхэр гэрлийн нөлөөг буулгах шил гэж тайлбарлаж бичжээ.

Иймд англи хэлээр судалгаа нийтэлдэг PudMed, Google Scholar, ScienceDirect, ResearchGate болон хятадын CNKI (中国知网), National Science and Technology Library, Baidu Scholar (百度学术) зэрэг нээлттэй судалгааны сангаас “нүдний шил, сөрөг ион” гэх түлхүүр үгээр хайхад сөрөг ион буюу анионтой нүдний шил нь нүдний элдэв өвчлөлийг эдгээдэг гэх өргөн хүрээний клиник судалгаа, туршилт байхгүй байна. Харин хятадын Baidu Scholar хайлтын санд анионтой шилний тухай нээлт, судалгаа илэрсэн ч өвчин эмгэгийг намдаадаг гэх үр дүн байхгүй.

Мөн Хятадын тэргүүлэх эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн, томоохон эмнэлгүүдийн мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж оруулдаг Bohu сайтад Бээжингийн эмнэлэг, Хятад-Японы найрамдлын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд (энд, энд бас энд) сөрөг ионтой нүдний шилний нь шинжлэх ухааны судалгаа нотолгоо бага, нүдний ямар нэг өвчлөлийг эмчлэхгүй, аюулгүй байдал, үр нөлөөний тухай нарийн клиник судалгаа, баталгаажуулалт байхгүй,  Хятадын эмчилгээний эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад ороогүй тухай онцолсон. Мөн Minfukang, “Эмнэлгийн холбооны мэдээлэл” сайтуудад хятадын эмч мэргэжилтнүүд сөрөг ионтой нүдний шил нь нүдний ядаргааг багасгаж, төвлөрөхөд тусалж, шинж тэмдгийг бууруулахад нөлөөлдөг боловч нүдний өвчнийг эмчлэхгүй гэдгийг дурджээ (энд бас энд).

Филиппиний Хоол хүнс, эмийн захиргаанаас 2020 болон 2022 онд шалгасан мэдээлэлд харуулсан шилтэй ижил сөрөг ионтой нүдний шилийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн, баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдааж байна хэмээн анхааруулсан.

Цэнхэр гэрэл нь богино долгионтой, өндөр давтамжтай, үзэгдэх гэрлийн спекторийн нэг хэсэг юм. Долгион богино байх тусам ялгарах энерги их тул цэнхэр гэрэл хүний нүдэнд бусад төрлийн үзэгдэх гэрлээс илүү нөлөөлдөг. Цэнхэр гэрэлд хэт их өртөх нь нүдний торлог бүрхэвч гэмтээх эрсдэлтэй бөгөөд нүдийг ядраах, компьютерын харааны хам шинж үүсгэдэг. Толгой өвдөх, нүд хуурайших, өвдөх, гэрэлд мэдрэг болох, хараа бүрэлзэх шинж тэмдэг илэрдэг. Нарнаас ихэнх цэнхэр гэрэл ялгардаг бөгөөд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг утас, компьютер, зурагтын дэлгэц, LED гэрлээс тодорхой хэмжээгээр ялгардаг байна.

Америкийн нүдний эмгэг судлалын академиас компьютер, гар утасны хэрэглээнд цэнхэр туяанаас хамгаалдаг гэж сурталчилж буй үнэтэй шил хэрэглэх шаардлагагүйг онцолжээ. Тодруулбал академийн сайтад “Компьютер, утаснаас ялгарах цэнхэр гэрэл нүдний ямар нэг өвчлөл үүсгэдэггүй, харин дэлгэцийн хэт их эсвэл буруу хэрэглээ нь нүдийг тухгүй болгож, шинж тэмдгийг ихэсгэдэг. Нар цэнхэр гэрэл, хэт ягаан туяанд хэт их өртөх нь нүдний өвчлөл тусах эрсдэлийг нэмэгдүүлэг…”  хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, компьютерын харааны хам шинж нь дэлгэцийн их хэрэглээ, буруу хэрэглээнээс үүдэлтэй, харин компьютер, утасны цэнхэр гэрэл нүдний өвчлөл үүсгэж, нөлөөлдөг эсэх нь батлагдаагүй байна.

Компьютерийн цэнхэр гэрэл хаагчтай нүдний шил нь нүдний эмгэгээс хамгаалдаг болохыг харуулсан судалгаа бий ч нүдэнд нөлөөлдөггүй гэж дүгнэсэн тойм судалгаанууд бий.

Ариун цэврийн хэрэглэлээр өвдөлт намдааж, үрэвсэл эдгээх боломжгүй бөгөөд энэ төрлийн хуурамч сурталчилгааг олон улсад анхааруулдаг

Шалгасан мэдээлэлд анионтой ариун цэврийн хэрэглэл нь “сарын тэмдгийн өвдөлтийг намдааж, үрэвслийг эдгээж, хавдраас хамгаална” гэж дурдсан. Иймд PubMed, Google Scholar, ResearchGate, Science Direct, Wiley Online Library зэрэг судалгааны сангаас “сөрөг ион,  ариун цэврийн хэрэглэл” гэх түлхүүр үгээр хайхад эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг баталсан судалгаа, туршилт илэрцгүй байна. Өөрөөр хэлбэл, сөрөг ионтой ариун цэврийн хэрэглэл гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны нотолгоогүй бөгөөд  аюулгүй байдал, үр нөлөөг судалсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт огт байхгүй юм.  

Филиппиний Хоол хүнс, эмийн захиргаанаас олон нийтэд зориулж “эрүүл мэндэд тустай ариун цэврийн хэрэглэл” гэх төөрөгдүүлсэн сурталчилгааны жишээг нийтэлсэн. Төөрөгдүүлсэн сурталчилгаанд “Цочрол бууруулна, шээсний замын халдвар (UTI), умайн миома, үтрээний үнэр, дааврын тэнцвэр алдагдал зэрэг өвчин, халдварыг урьдчилан сэргийлнэ эсвэл эмчилнэ, сөрөг ион ялгаруулна” гэх мэт сурталчилгааг жишээ болгож, анхааруулсан байна.

Дүгнэлт

Энгийн бүтээгдэхүүнийг “сөрөг ионтой, эрүүл мэндэд тустай, олон өвчнийг анагаана” гэж төөрөгдүүлж байна. Хэдий биед шууд илрэх сөрөг нөлөөгүй ч цаг алдах, цаашлаад өвчин эмгэг хүндрэх эрсдэлтэй. Иймд “эрүүл мэндэд тустай, өвчнийг эдгээнэ, сэргийлнэ” гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө заавал эмч, мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Эх сурвалж: MFCC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe