PISA 2025 үнэлгээний үр дүнгээр 15 настай хөвгүүдийн сурлага охидоос доогуур байна

Г.Энэбиш
2026-09-08

Монголын 15 настай сурагчдын PISA үнэлгээний байгалийн ухааны дундаж оноо 2022 оноос 12-оор нэмэгдсэн бол математикийнх зургаа, унших чадварынх дөрвөн оноогоор буурчээ. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг PISA 2025 үнэлгээний үр дүнг есдүгээр сарын 8-нд танилцууллаа.

PISA үнэлгээгээр суурь боловсрол эзэмшсэн 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг судалдаг. 

Үнэлгээнд 91 улс, эдийн засгийн 760 мянга гаруй суралцагч оролцсоноос Монгол Улсыг 191 сургуулийн 7,146 суралцагч төлөөлжээ. Монгол Улс PISA үнэлгээнд 2022 онд анх удаа, 2025 онд хоёр дахь удаагаа хамрагдсан юм.

Байгалийн ухааны оноо өсөж, математик болон унших чадвар буурчээ 

        Үнэлгээний чиглэл       

      2022 он      

      2025 он      

      Өөрчлөлт     

Байгалийн ухаан

412

424

+12

Математик

425

419

−6

Унших чадвар

378

374

−4

 

2025 оны үнэлгээгээр 

  • Байгалийн ухаан 91 улсын дундаж 485, Азийн дундаж 440
  • Математик 91 улсын дундаж 463, Азийн дундаж 439 
  • Унших чадьар 91 улсын дундаж 461, Азийн дундаж 413

OECD-ийн мэдээллээр Монгол сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл гурван жилийн хугацаанд 12 оноогоор ахисан байна. Математикийн оноо зургаа, унших чадварын оноо дөрвөөр буурсан ч эдгээр өөрчлөлт статистикийн хувьд ач холбогдолгүй гэж дүгнэжээ. 

 PISA 2025-ын үр дүнгээр Монгол Улс: 

  • Математикаар 419 оноотой, 49 дүгээрт;
  • Байгалийн ухаанаар 424 оноотой, 56 дугаарт;
  • Унших чадвараар 374 оноотой, 69 дүгээрт;
  • Технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвараар 51 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Харин жагсаалтыг БНХАУ байгалийн ухаан 597, математик 612 оноогоор тэргүүлсэн бол унших чадвараар Сингапур 535 оноогоор тэргүүлжээ.

2022 онд 81 улс, эдийн засаг оролцож байсан бол 2025 онд оролцогчдын тоо 91 болж нэмэгдсэн тул байрны өөрчлөлтийг шууд ахиц, ухралт гэж дүгнэхээс илүү онооны зөрүүгээр харьцуулах нь бодитой юм. 

91 улсын дундаж үнэлгээ буурчээ

Байгалийн ухааны суурь түвшинд хүрээгүй сурагчдын хувь буурчээ 

PISA үнэлгээнд гүйцэтгэлийн II түвшнийг сурагчдын эзэмшсэн байх шаардлагатай суурь чадварын босго гэж үздэг.

2025 онд Монгол сурагчдын 56.9 хувь нь байгалийн ухаанаар суурь болон түүнээс дээш түвшинд хүрчээ. Өөрөөр хэлбэл, 43.1 хувь нь суурь түвшинд хүрээгүй байна. Энэ үзүүлэлт 2022 оноос долоон нэгж хувиар буурсан нь байгалийн ухааны хичээлээр тодорхой ахиц гарсныг харуулжээ. 

Унших чадвараар уг түвшний сурагчид 36 хувийг эзэлж байна. Тэгвэл унших чадварын энэ үзүүлэлт 2022 онд 64 хувь байсан бол математик 51 хувь байсан юм. Мөн 5,6 буюу өндөр түвшний сурагчдын тоо уг хоёр хичээл дээр 1 хүрэхгүй хувьтай байна. 

Харин PISA 2022 үндэсний тайлантай харьцуулбал Монголын гурван сурагч тутмын нэг нь унших чадварын, хоёр сурагч тутмын нэг нь байгалийн ухааны суурь түвшинд хүрсэн гэж мэдээлж байв. Энэ удаагийн үнэлгээгээр байгалийн ухааны үзүүлэлт сайжирсан ч унших чадвар хамгийн сул чиглэл хэвээр үлдлээ. 

Хот, хөдөөгийн зөрүү багассан ч амжиргааны нөхцөлийн нөлөө хэвээр байна 

2022 онтой харьцуулахад нийслэл болон аймгийн сурагчдын гүйцэтгэлийн зөрүү багасаж, байгалийн ухааны хичээлээр бараг арилгаж чаджээ. Мөн математик, унших чадвар, байгалийн ухааны гурван чиглэлд охид хөвгүүдээс илүү гүйцэтгэл үзүүлжээ.

Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засгийн боломж өндөртэй 25 хувийн сурагчдын гүйцэтгэл боломж багатай 25 хувийнхаас өндөр хэвээр байна. Эцэг эхийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон хүүхдийнхээ суралцах үйл явцад оролцох байдал гүйцэтгэлтэй холбоотой гарчээ.

Сурагчдын сургуульдаа сэтгэл хангалуун байдлын үнэлгээ 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн байна. Харин сургуулиудын цахим сургалтын бэлэн байдал OECD-ийн дунджаас доогуур хэвээр байгаа нь интернэт, программ хангамж, техникийн дэмжлэг болон сургуулийн түвшний зохицуулалттай холбоотой гэж тайлбарлажээ. 


 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe