Б.Лакшми: Сонгуулийн мөнгө тараалтаас болж намраас эдийн засаг хүндэрнэ

Н.Саруулдөл
2024-04-10 546

Засгийн газраас 5 их наяд төгрөгөөр малчдыг дэмжих хөтөлбөр санаачилсан. Уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн бөгөөд үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлэх юм. 

Хамгийн гол нь 2024 оны Төсвийн тухай хуулийг батлахад уг 5 их наядын санхүүжилтийг тусгаагүй учир төсвөөс гадуурх зарцуулалт болно. Өмнө нь манай улс цар тахлын дараах эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг төсөвт суулгалгүйгээр хэрэгжүүлсэн. Гэвч үүний зарцуулалтын тайлан одоо хүртэл ил болоогүй. Тэгвэл Засгийн газар үргэлжлүүлэн малчдыг дэмжих 5 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж байна.

Уг хөтөлбөр хэрэгжвэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа. 

Төсөвт суугаагүй мөнгө ямар ч хяналтгүй, тайлангүй байдаг

-Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдаа 5 их наядаар дэмжье, ингэхдээ нэг удаагийн хуулийг УИХ-аар батлуулъя, санхүүжилтийг Монголбанкнаас гаргуулъя гэдэг саналыг гаргасан байна. Энэ нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Зуд болно гэж өмнөх оны 9, 10 дугаар сараас л холбогдох байгууллагууд анхааруулаад байсан. Гэтэл ямар ч бэлтгэлгүй ороод зуданд нэрвэгдчихлээ. 

Зудад нэрвэгдсэн малчдыг дэмжих 5 их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байна. Энэ мөнгө төсөвт суугаагүй. Ийм хэмжээний мөнгийг хэчнээн Монголбанк гаргах байсан ч гэсэн төсөвт заавал суулгах учиртай. Тэгэхгүй бол ямар ч хяналтгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй л өнгөрнө. Манай улсын эдийн засаг жижигхэн. Энэ их хэмжээний мөнгийг богино хугацаанд эдийн засагтаа оруулж, эргэлдүүлбэл эргээд инфляц болон бусад эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө. Энэ бол буруу бодлого. Асуудал гарахаар л эдийн засагтаа, улс орондоо сөргөөр нөлөөлөх шийдвэрийг гаргаад байна. 

5 их наядын хөтөлбөр бол сонгогчдоо татах арга, сонгуулийн мөнгө тараах хэлбэр

-Сонгууль дөхөж байна. Энэ хөтөлбөр сонгогчдын саналыг татах гэсэн оролдлого байж болох уу?

-Тийм. Сонгууль дөхөж байгаа болохоор сонгуулийн мөнгө тараалтын хэлбэр. Сүүлийн 8 жил МАН засгийн эрхийг барьж, УИХ-д дийлэнх олонх байхад иргэдийн амьдрал хүндэрч, тэдний рейтинг унасан. Ийм үед мөнгө тараах хэлбэрээр сонгогчдоо татах арга юм уу л гэж харж байна. 

-Өмнө нь бид эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд инфляц нэмэгдэж, Монголбанк хатуу мөнгөний бодлогыг удаан барьсан шүү дээ?

-Сонгууль болоход 2 сар гаруй хугацаа үлдлээ. Тэгэхээр энэ хуулийг шуурхай батлуулж, мөнгө тараах байх. Богино хугацаанд ийм их мөнгө зах зээл руу орохоор таны хэлснээр инфляц хөөргөднө. 

Энэ хэмжээний мөнгийг эдийн засаг руу нийлүүлэх нь үр өгөөжгүй. Малчдын амьжиргааг сайжруулахгүй, харин ч өрийг өрөөр дарах арга хэрэгсэл болно. Тэгэхээр энэ нь эргээд татвар төлөгчдийн мөнгийг ашиггүй үрэх, тэдний нуруун дээрх ачааг нэмнэ. 

Тэрний оронд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Ялангуяа, сүү сүүн бүтээгдэхүүн, малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. 

Эдийн засаг байнга өсдөггүй. Бид богино хугацааны амжилтаа хараад урт хугацааны байтугай дунд хугацааны бодлогоо харж, хийж чадахгүй байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг бага багаар нэмсээр хоёр дахин нэмсэн. Тухайн үедээ хувь хүн илүү орлого олоод сайхан байгаа мэт боловч тэр мөнгө нь инфляцаараа урсаад гараад явна. Эргээд үүний төлөөсийг бүх ард иргэдээрээ төлнө шүү дээ.

Хоёр хөршийн эдийн засгийн нөхцөл байдал муудаж байна. Бидэнд ар араасаа цуварсан хүндрэлийг ирэх эрсдэлтэй

-5 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нөлөө нь хэзээнээс ажиглагдах бол?

-Бодлогын хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөө тэр дороо ч юм уу, богино хугацаанд гарахгүй. 6-12 сарын хугацаанд нөлөө нь мэдэгдэж эхэлнэ. Тэгэхээр намраас ч юм уу, дараа жилээс нөлөө нь мэдрэгдэж эхэлнэ. Сонгуулийн дараа ч гэсэн бид амьдарна шүү дээ. Сонгуульд зориулсан мөнгө тараалт, амлалтуудын нөлөөгөөр намраас ер нь эдийн засаг хүндрэх төлөвтэй байна. 

Бид зөвхөн дотоод нөхцөл байдлаа хараад байж болохгүй. Гадаад нөхцөл байдлыг ч анхаарах хэрэгтэй. Ялангуяа, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хүндэрсэн байна. БНХАУ-ын эдийн засаг муудна гэдэг бол манай нүүрсийг худалдан авах нь багасна гэсэн үг. Тэгэхээр бид төсөвтөө тусгасан хэмжээний нүүрсээ экспортолж чадах уу гэдэг асуудал тулгарна. 

ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ч мөн нэмж хүндрэхээр харагдаж байна. 

Хоёр хөршийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд ирэхээр ар араасаа цуварсан хүндрэлийг авчрах эрсдэлтэй байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Б.Лакшми бол сайн эдийн. засагч учраас алдахгүй гэж бодож бн. Уг нь өнөөдрөө биш ирээдүйгээ улс орноо. бодох нь чухал шүү. Малчид нэрийн дор 5 тэрбумыг тараана ямар ч хяналтгүй гэж бодсон чинь

Д.Хашхүү

Дэмжих үү?

0

Newsletter Subscribe