Х.Баатархүү: БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөөтэй холбоотойгоор манай улсын төмрийн хүдрийн экспорт өсөх боломжтой

Д.Халиунаа
2025-11-18

БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөө Монгол Улсад хэрхэн нөлөөлөх болон бид цаашдаа анхаарвал зүйтэй сэдвийн талаар Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй ярилцсанаа хүргэж байна.

Хятад улс хэзээнээс эхэлж таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн бэ, энэ нь ямар үр дүнтэй байдаг вэ?

- БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөө 1952 оноос эхлэлтэй. 1950-аад оны үед ЗХУ-д хэрэгжүүлж байсан улс орны эдийн засгийг дунд хугацаанд хардаг энэ төлөвлөгөөг БНХАУ өдийг хүртэл хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөө нь 2026-2030 оны хугацаанд хэрэгжих улс орны эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг тусгасан нийгмийн бүхий л салбарт хүрч, хуульчлан хэрэгжих чухал баримт бичиг юм. 

Ямар үе шатаар баталдаг вэ?

- Энэхүү төлөвлөгөөг Намын Төв Хорооны хурлаар хэлэлцэж, олон нийтийн санал, хүсэлтийг авсны үндсэн дээр ирэх 2026 оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлаар албан ёсоор батлагдах юм. Үндсэндээ 6000 мянга гаруй хүнийг хамарсан улс орны нийгмийн чиг хандлагыг чиглүүлэн авч явж, зайлшгүй хэрэгжүүлэх ёстой төлөвлөгөө.

БНХАУ 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө юуг голчлон тусгасан бэ?

- Энэ удаагийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний бүх заалтууд олон нийтэд ил гараагүй байгаа. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон улсын Хятад судлаачдын тэмдэглэлээс дүгнэхэд гурван үндсэн салбарт БНХАУ дараагийн таван жилдээ анхаарах юм байна гэж харсан.

Нэгдүгээрт гэвэл техник, технологийн дэвшил. Шинжлэх ухаан, технологийн салбарт БНХАУ сүүлийн долоо, найман жил голчлон анхаарч байгаа. Үүний үр дүнд хөрөнгө оруулалт ч ихээхэн нэмэгдсэн. 2025 оны хүлээж байгаа гүйцэтгэлээр 280 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг энэ салбарт хийсэн. Харин 2026 онд энэ дүн 300 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Тэгэхээр жилд 7.2 хувиар энэ салбарын хөрөнгө оруулалт өсөж байна гэсэн үг. Цаашдаа Хятад улс даян дэлхийд өрсөлдөх чадварт шинжлэх ухааны салбар томоохон нөлөө үзүүлэх юм. 

Хоёрдугаарт хүнсний аюулгүй байдал. Хятад улс сүүлийн жилүүдэд олон салбарт ахиц дэвшил, шинэчлэлүүд хийсэн. Харин хүнсний аюулгүй байдалд иж бүрэн анхаарах нь тэдний дунд хугацаан дахь маш чухал зорилт юм. Ялангуяа стратегийн бүтээгдэхүүн гэгддэг улаан буудай энэ жил 70 сая тоннд хүрсэн байна. Үүний араас төмс, эрдэнэшиш гээд ороод явдаг. Эдгээрийн тодорхой хэмжээг импортоор авдаг. Иймээс бусад улс, орнуудаас импортын хараат байдлыг багасгах нь тэдний томоохон зорилт юм. Мөн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь Хятад улсын үндэсний аюулгүй байдлын нэн чухал зүйлсийн нэг.

Гуравдугаарт улс орны батлан хамгаалах салбарыг улам өргөжүүлэн бэхжүүлэх. Мэдээж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтэц зэрэг салбарт мөн тодорхой хэмжээний өөрчлөлт, шинэчлэлтүүдийг авчрах нь гарцаагүй. Гэхдээ дээрх гурван салбарт түлхүү ач холбогдол өгөхөөр харагдаж байна. 

БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний чиглэл, өөрчлөлтүүд дэлхийд гэлтгүй манай улсад ер нь хэрхэн нөлөөлөх вэ?

- Мэдээж БНХАУ маш хүчтэй гүрэн учраас тэдэнтэй холбогддог хөрш зэргэлдээ улсууд, томоохон худалдааны түнш орнууд таван жилийн төлөвлөгөөнд тулгуурлан өөрсдийн бодлогоо уялдуулах нь гарцаагүй. Монгол улсын хувьд БНХАУ-тай хийсэн гадаад худалдааны нөхцөл байдал 2024 онд 18.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Харин энэ жил 10 гаруй хувь буурсан байна. Гэсэн хэдий ч 2026 он гэхэд энэ дүн 20 тэрбум ам.долларт хүрэх бүрэн боломжтой харагдаж байгаа. 

- Монгол, Хятадын хоорондын худалдааны бүтцийг авч үзэхэд маш хязгаарлагдмал байдаг. Маш цөөхөн бараа бүтээгдэхүүн дээр эргэлддэг. Үүнд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, түүхий нефт л багтаж байгаа юм. Үүнээс харахад Хятад улсад эдгээр газрын ховор элементийн хэрэглээ ихсэх үү, багасах уу гэдэг дээр манай улсын экспортын хэмжээ хэлбэлзэнэ гэсэн үг. Нүүрсний хувьд ирэх таван жилийн хугацаанд тогтвортой байна гэж харж байна. Дараагийн таван жилийн төлөвлөгөөний хүрээнд Хятад улсад хийгдэх манайхтай холбоотой шинэчлэл гэвэл төмөр зам, агаарын тээврийн салбар юм. Тиймээс төмрийн хүдрийн эрэлт нэмэгдэж, манай төмрийн хүдрийн экспорт бага зэрэг өсөх боломжтой болж байгаа юм. Нүүрсэн дээр бол угаасаа тулчихсан. Үүнээс цааш нэмэгдэх, багасах боломжгүй. 

Ерөнхийлөгч Ши Жиньпин 2030 оноос хойш нүүрсний хэрэглээгээ бууруулна гэж мэдэгдсэн байсан. Хэрвээ тийм байдалд хүрвэл манай улсын экспорт дагаад буурах уу?

- Ер нь нүүрсний хэрэглээ багасахгүй гэж бодож байна. Дээрээс нь манай нүүрс өрсөлдөх чадвар сайтайгаас гадна хоёр улс хоорондоо уламжлалт харилцаатай. Тиймээс нүүрсний экспорт огцом унах ч юм уу томоохон хэмжээний дарамт ойрын хэдэн жилдээ ирэхгүй байх гэж бодож байна. Хэрэглэгч, худалдагчийн зах зээл байсаар байна. Гол нь бид нүүрсээ түүхийгээр нь гаргадаг аргачлалаа сайжруулж, боловсруулахаа нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. 

Тэгэхээр БНХАУ-ын дараагийн таван жилийн төлөвлөгөө манай улсад эерэг талаараа нөлөөлөх хувь нь их байна гэж харж болох уу?

- Яг эерэг гэхээсээ илүү манай улс уул уурхайн бус эдийн засгийг голчлон хэрэгжүүлэх хэрэгтэй гэж харж байна. Яагаад гэвэл манай улсын гол нэрийн бүтээгдэхүүнүүд тултал хэмжээндээ Хятад руу экспортлогдож байгаа. Үүнээс цааш том хэмжээгээр өсөн нэмэгдэх гарц багатай. Тиймээс бид цаашдаа  уул уурхайн бус аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй зэрэг өөр чиглэлд анхаарлаа хандуулж, шинэ экспортын орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй.  Хятад улсын хүн амын 40 гаруй хувийг дундаж давхарга эзэлж байна. Иймд энэ олон боломжит дундаж давхарга бүхий ард иргэд байна. Дээрээс нь бид Хятад улстай хөрш зэргэлдээ ойр, хуурай замын 13 боомттой. Мөн зургаан хоттой агаарын харилцаатай байна. Тиймээс Хятад жуулчдыг Монгол улсад аялуулах, мөн аялал жуулчлалаар дамжуулж цэвэр экспорт хийх зэрэг боломжуудыг бид ашиглах хэрэгтэй.. 

Өмнөх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хүрээнд Хятад улсад бодитой ямар үр дүн гарсан бэ? 

- Үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээ одоогоор хараахан гараагүй байгаа. Гэхдээ хэд хэдэн тоон үзүүлэлтээс харахад 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хугацаанд тус улсын нэг хүнд ноогдох ДНБ 8000-13.000 болж нэмэгдсэн байна. Мөн давхардсан тоогоор түүхэндээ 900 сая орчим хүнийг ядуурлаас ангид болголоо. БНХАУ бол дундаж давхарга бүхий хөгжиж буй шинэ эрин үеийн социалист улс болж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe