Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.
Есдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч, 03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхитай, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ.
Орон нутгийн хувьд есдүгээр сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар бороо, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.
Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх