Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Ногоон хиймэл оюун, дата төвийн санаачилга”-аа олон улсын хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд болон хөгжлийн байгууллагуудад танилцуулжээ.
Санаачилга нь Монгол Улсын сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар нутгийн давуу талд түшиглэн хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол болон өгөгдөл хадгалах дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж байна.
COP17-ын үеэр Монгол Улс АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын байгууллага, хувийн хэвшлийн компаниуд болон Азийн хөгжлийн банктай нийт 10 санамж бичиг байгуулсан байна. Эдгээр хамтын ажиллагаа нь нийт 863 МВт орчим хүчин чадал бүхий ногоон дата төв болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Мөн ногоон дата төвийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд татвар, санхүүжилт, эрчим хүч, газар ашиглалтын бодлогыг уялдуулах, эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж буйгаа танилцуулсан байна. Түүнчлэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн барьж, эрчим хүч, харилцаа холбоо, сүлжээ болон эрх зүйн бие даасан байдлыг хангах зорилготой “Sovereign by Design” үндэсний стратегийн хүрээ боловсруулж эхэлжээ. Ингэснээр Монгол Улс хиймэл оюун болон дата төвийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг сэргээгдэх эрчим хүчтэй уялдуулан ашиглаж, бүс нутгийн дижитал дэд бүтцийн төв болох зорилтоо хэрэгжүүлэх эхлэлийг тавьж байна.
Сэтгэгдэл үлдээх