Ардчилсан нам өчигдрөөс эхлэн орон даяар “Өөрчилье” үндэсний аян эхлүүлж байгаа гэдгээ зарлаж нээлтээ хийлээ. Илтгэл тавьж байгаа нэгнийг хаалганы цаанаас сонсох нь ээ (нээлт нь хаалттай болж байсан юм) “Ардчилсан нам бол ард түмний эцсийн найдвар” гэж хүртэл хэлж байв. Нэг талаараа уг нь тийм. Гэхдээ өнөөгийн Ардчилсан намд лав ард түмэн найдахгүй байгаа гэдгийг баттай хэлж чадна. Тэд өөрсдийгөө бидний итгэл, найдвар гэж том эндүүрч явна. Намын дарга нь сүнсгүй, нам нь өөрөө хүчгүй. Засаг огцруулах бичгээр эрх баригчдаа байнга шантаажилдаг. Өөрсдөө сэтгээд хийж байгаа зүйл нь “Өөрчилье” үндэсний хөдөлгөөн гэх социалист шинжтэй сонгуулийн далд сурталчилгаа. Ийм намд хэн итгэж, найдах вэ дээ. Өмнөх бичвэртээ бичиж байсан. Ардчилсан нам эхлээд ард түмний өмнө гаргаж тавих, ард түмэн дагаж алхах “лидер” ээ ол гэж. Лидергүй намыг хэн ч дагахгүй. Хүнээр төсөөлөх юм бол зорилгоо тодорхойлоогүй ч би гайхамшиг бүтээнэ гэж хийрхээд байгаатай ижил л байгаад байгаа юм. Зорилго нь тодорхой хүний явах зам тодорхой байдаг шиг “лидер”-тэй намын хүрэх цэг ойлгомжтой.
Заавал намын дарга тэр “лидер” нь байх ч албагүй шүү дээ уг нь. Мань дарга О.Цогтгэрэл л өөрийгөө гэж эндүүрээд айлын хаалга нүдээд яваа болохоос биш. Тог тог гээд хаалга тогшихоор нь үүдээ нээж түүнтэй хамт бүтээх тухай ярьж “пид пид” үсэрч суух хүн угаас олдох ч үгүй. Намынх нь гишүүн л биш бол тийм зүйлд анхаарал хандуулах сөхөө ч байхгүй. Тэрний оронд өдрийнхөө хоолыг залгуулах хэдэн төгрөгөө хайгаад явж байсан нь хамаагүй дээр. Ер нь бид бүтээнэ, өөрчилнө гэдэг улс төрийн “пи ар” 1990 онд ардчилал гарах үед эхлээд МАН-ын хаанчлалын энэ үеэр дуусаж байгаа. Өөрчилнө гэж амласаар байгаад ийм байдалд хүргэсэн МАН-тай хамт дууссан. Одоо өөрчилнө, бүтээнэ гэсэн уриа үг иргэд сонсох юм бол гарцаагүй инээд нь хүрнэ. Хамаагүй айлын хаалга нүдэж социалист үзэл суртал шингэсэн сурталчилгаагаа хийж явж байгаад хүмүүсийн дургүй хүргэж зодуулах вий дарга минь.
Ардчилсан намын залуус намын даргаа шахаанд оруулах нь уу...
Засгийн газрыг огцруулах О.Цогтгэрэлийн нэр дээрх бичигт намын 42 гишүүний 41 нь зурчихсан гэж О.Цогтгэрэл өөрөө мэдэгдсэн. Чуулган эхлэхээр Засгийн газрыг огцруулах ажлаа шамдуулахаа ч илэрхийлээд байгаа. Нөгөө талд түүний бичигт гарын үсэг зураагүй УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд намаас нь хариуцлага тооцох ажил хүлээгдсээр л. Тэдний хоорондох асуудал энэ хэвээр үргэлжилбэл ирэх сонгуулиар Ч.Лодойсамбууд нэр дэвших тойрог өгөхгүй дээрээ тулах биз. Гэхдээ О.Цогтгэрэл намын даргын суудлаасаа гулгачихгүй бол шүү дээ. Энэ үйл явдлаас болсон уу эсвэл намын дарга нь ардчилсан намын залууст үнэхээр жулдаад байна уу. Үнэн эсэх нь эргэлзээтэй ч ордны хананд Ардчилсан намын залуучууд намын даргаа унагах төлөвлөгөө зохиож байгаа тухай яриа шингэчхэж. Хэрвээ тийм юм болбол нэг талаараа сүнсээ олохгүй төөрч яваа Ардчилсан намд ирэх сонгуулиуд бүр ч ойртож болох юм. Гэхдээ энэ бүхэн хурдан өрнөж эргээд хурдан цэгцрэхгүй бол арай гэж эвтэй юм шиг харагдаж байгаа тэд хоёр сонгуулиа алдаж хоосон хонох юм болно. Яг улс орон хэцүүхэн, ард түмэн цөхөрсөн ийм үед ямар нэгэн эргэлт амжилт олдог гэдгийг бид өнгөрсөн түүхээс мэднэ. Бүхий л цаг хугацааны эргэлт нийгмийн ийм сэтгэл зүй дээрээс өндийсөн байдаг. Муугаар хэлэхэд ийм цаг хугацааг уг нь Ардчилсан нам ашиглах ёстой байтал өөрчилнө, бүтээнэ барина гээд баруун биш зүүн зүгт алхаад байх юм даа.
Сэтгэгдэл үлдээх