Шүлхийн улмаас устгасан малын нөхөн төлбөрийг зах зээлийн үнийн 90 хувиар тооцон олгоно

.Graph
2026-08-26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дорнод, Сүхбаатар аймагт бүртгэгдсэн шүлхийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан. Үүний улмаас махны нийлүүлэлт саарч махны үнэ зуны турш өндөр байлаа. Манай улсад энэ төрлийн шүлхийн эсрэг хийх вакцин байгаагүйн улмаас татан авалтыг ээлж дараатай явуулж одоогийн байдлаар нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал, амьтныг вакцинжуулжээ. Үүний үр дүнд Ховд аймагт зургадугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 8-наас хойш шүлхийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Дорнод аймагт шүлхий гарчээ

Зүүн аймагт Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт 4 дүгээр багт буюу  наймдугаар сарын 17-нд , наймдугаар сарын 22-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр аль аль нь SAT-1 хэвшил болохыг баталгаажуулжээ. Тиймээс шүлхий гарсан сумдад 2026 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байгаа аж. 

 Одоогоор дээрх сумдад 4 суурин пост, 3 хөдөлгөөнт эргүүл ажиллаж, 18 тээврийн хэрэгсэл, 17 малын эмч болон нийт 74 хүн дайчлагдан ажиллаж байна. Мэргэжлийн баг 12,346 толгой малд үзлэг, тандалт хийж, 14 өрхийн 16,925 м² талбайд халдваргүйтгэл хийжээ. 

Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын нөөцөөс 5,000 тун SAT-1 болон 194,000 тун SAT-1+О вакциныг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн эрсдэлтэй сумдад хүргүүлж, мэдрэмтгий малыг яаралтай дархлаажуулах ажлыг эхлүүлжээ. 

 “Мал эмнэлгийн салбарын шинэчлэл” аяныг хэрэгжүүлнэ

Мал амьтны өвчний дэгдэлт бүрийн дараа авч хэрэгжүүлдэг арга хэмжээнээс илүү урт хугацаанд тогтвортой ажиллах мал эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм. Мөн сум, дүүргийн түвшинд мал эмнэлгийн үйлчилгээг шууд үзүүлдэг хувийн хэвшлийн нэгжүүдийн чадавхыг бэхжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нэг сум – Нэг мал эмнэлэг” санаачилгыг 25 суманд эхлүүлж байна.Шүлхийн SAT-1 хэвшил Ойрх Дорнод, Баруун Азийн бүс нутагт өргөн тархсантай холбоотойгоор вакцины хомсдол үүсэж, үнэ өсөж байгаа энэ үед импортын хараат байдлыг бууруулах шаардлагатайг мөн онцоллоо.

Энэ хүрээнд олон улсын мал эмнэлгийн байгууллагуудын лавлагаа лабораториудад боловсруулсан вакциныг лицензийн гэрээгээр импортлон, “Биокомбинат” ТӨХХК-д дотооддоо савлах ажлыг эхлүүлэхээр БНХАУ-ын Ланьжөү хотын мал эмнэлгийн судалгааны хүрээлэн болон ОХУ-ын Владимирын хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлыг нэмэгдүүлж, вакцины импортын хамаарлыг бууруулах, дотоодын хэрэгцээг хангах чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв. 

Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зардлыг жил бүр бүрэн улсын төсвөөс хариуцаж ирсэн нь төсөвт улам бүр ачаалал өгсөөр байна. Иймд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын шинжилгээг хийж, хуулийг шинэчлэн найруулах замаар оролцогч талуудын хамтын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх судалгааг хийж байгаа” гэж мэдээллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe