“Зи” үеийнхэн амжилтаас илүү тайван амьдралыг сонгох болов

.Graph
2026-08-26

О.Анужин

Сүүлийн жилүүдэд “бүтээмжтэй амьдрал” гэх ойлголт бараг нэг төрлийн амьдралын стандарт болсон.

Өглөө 6 цагт босох, өдөрт 10 мянга алхах, хэл сурах, ном унших, спортоор хичээллэх, хичээл эсвэл ажил дээрээ амжилт гаргах...

Энэ стандартыг хамгийн ихээр дагаж өссөн зи үеийнхэн(GenZ) өөрсдөө одоо “заавал ингэж амьдрах ёстой юу?” гэж асууж эхэлжээ.

Үүнийг зөвхөн тиктокын давалгаалаад, мартагддаг чиг хандлага гэж харахад учир дутагдалтай. 

Дэлхий даяар бизнес, эдийн засаг, ажиллах хүчин, технологи болон нийгмийн чиг хандлагыг тодорхойлдог Делоитт Глобал(Deloitte Global0 байгууллагын 2025 оны судалгаанд 44 орны 23,482 хүнийг хамруулсан.

Үүнд зи үеийнхний ердөө зургаан хувь нь карьерынхаа гол зорилгыг удирдах албан тушаалд хүрэх гэж хариулжээ. Харин ажил сонгохдоо ажил, амьдралын тэнцвэр, карьерын өсөлт болон суралцах боломжийг илүү чухалчилж байна.

Завгүй байх нь амжилт биш 

Тэдний 40 хувь нь байнга эсвэл ихэнх хугацаанд стресс, түгшүүр мэдэрдэг гэж хариулсан байна. Стрессийн гол шалтгаануудын нэг нь ажил бөгөөд урт ажлын цаг, санхүүгийн ирээдүйн талаарх санаа зовнил мөн өндөр байр эзэлжээ.

Тиймээс “би хэр их зүйл амжуулж байна вэ?” гэхээс илүү “би энэ бүхнийг хийхдээ өөрийгөө хэр их ядрааж байна вэ?” гэсэн асуулт чухал болж байна.

Энэ өөрчлөлтийг цахим орчин дахь “slow living”, “quiet life”, “soft life” гэх мэт трендүүдээс ч харж болно.

Өмнө нь завгүй хуваарь, олон ажил амжуулж буйгаа харуулах нь бүтээмжийн бэлгэдэл байсан бол одоо өглөөг яаралгүй эхлүүлэх, ганцаараа кофе уух, ном унших, утсаа хэсэг хугацаанд орхих зэрэг энгийн үйлдлийг амьдралын чанар гэж харах болжээ.

Гэхдээ энд нэг сонирхолтой зөрчил бий.

Тэдний 70 хувь нь карьертаа ахихын тулд долоо хоногт дор хаяж нэг удаа шинэ ур чадвар хөгжүүлдэг бөгөөд 67 хувь нь ажлын бус цагаар ч ур чадвараа хөгжүүлж байна.

Юу ч хийхгүй амьдрахыг хүсэж байгаа биш. Харин амьдрал бүхэлдээ ажил, карьер, бүтээмжээс бүрдэх ёсгүй гэж үзэж эхэлж байна. 

89 хувь нь ажилдаа сэтгэл хангалуун, сайн сайхан байхын тулд зорилго, утга учир чухал гэж хариулсан байна.

Мөн зарим оролцогчийн хувьд утга учиртай амьдрал заавал ажлын байран дээрээ бүтээх зүйл биш гэдгийг онцолжээ. Ажлаас гадуурх амьдралдаа өөрийн хүссэн зүйлээ хийх цаг, санхүүгийн боломжтой байхыг ч амжилтын нэг хэсэг гэжээ.

Эцэст нь энэ үеийнхэн залхуу болоогүй. Харин амьдралаа зөвхөн ажил болгож үрэхийг хүсэхгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe