О.Анужин
Холливудын домогт жүжигчин Мэрилин Монро(Marilyn Monroe)-гийн 100 жилийн ой энэ оны зургаадугаар сарын 1-нд тохиосон.
Үүнд зориулан тоглоом үйлдвэрлэгч Маттел(Mattel) компани түүний хамгийн алдартай дүр төрхүүдийн нэгийг барби хүүхэлдэйнд шингээн, тусгай цуглуулгын загвараа энэ сарын 18-наас худалдаанд гаргажээ.
Барбиг Мэрилин Монрогийн 1953 онд тоглосон “Gentlemen Prefer Blondes” киноны “Diamonds Are a Girl’s Best Friend” дууны хэсгээс санаа авч бүтээжээ. Тэр хэсэгт өмссөн тод ягаан даашинз, урт бээлий болон алмаазан эрдэнийн гоёл нь хүүхэлдэйн гол онцлог.
Маттел уг хүүхэлдэйг Мэрилин Монрогийн өвийг хадгалж хамгаалдаг “The Estate of Marilyn Monroe” ХХК-тай хамтран бүтээсэн байна.
Ингэхдээ зөвхөн түүний алдартай хувцас, төрхийг хуулбарлах бус, Мэрилинийг жүжигчин төдийгүй өөрийн бүтээлээ туурвиж, бизнес эрхэлж, тухайн үеийн хэвшмэл ойлголтыг эвдэж чадсан эмэгтэй гэдгээр нь хүндэтгэхийг зорьжээ.
Энэ нь Барби брэнд Мэрилин Монрогийн дүр төрхийг ашигласан анхны тохиолдол биш. Маттел 1990-ээд оны сүүлээс эхлэн түүний киноны алдартай хувцас, дүр төрхөөс санаа авсан хэд хэдэн хүүхэлдэй гаргаж байжээ. Тухайлбал, “The Seven Year Itch”, “How a Marry Millionare” зэрэг кинонд нь өмссөн хувцаснаас санаа авсан загварууд өмнө нь худалдаанд гарч байсан байна.
1926 оны зургаадугаар сарын 1-нд төрсөн Мэрилин Монро богинохон амьдралынхаа хугацаанд Холливудын хамгийн танил эмэгтэйчүүдийн нэг болж, кино урлаг төдийгүй загвар, соёлын бэлэг тэмдэг болсон юм.
Хүүхэлдэй 81 ам.долларын үнэтэй. Цуглуулагчдад зориулсан тусгай савлагаа, суурь болон жинхэнэ гэдгийг батлах гэрчилгээтэй худалдаалж байна.
Сэтгэгдэл үлдээх