О.Анужин
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17)-ын хүрээнд өчигдөр “Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга” сэдвээр хэлэлцүүллээ.
Тус хэлэлцүүлэг нь Зүүн Хойд Азийн хэмжээнд хил дамнан тархдаг элс, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэж байна.
“MET-01” танхимд зохион байгуулсан буй уг арга хэмжээний үеэр Монгол улс, НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс(ESCAP), Трилатерал хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар(TCS)-ын хамтарсан санаачилгыг танилцуулсан.
Элс, шороон шуургыг урьдчилан таамаглах болон эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, хил дамнасан эрсдэлийн үнэлгээг хөгжүүлэх, орон нутаг, иргэдийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл, мэдлэг, технологийн солилцоог эрчимжүүлэх зэрэг үндсэн чиглэлд хамтран ажиллахаар зорьж байна.
Энэхүү санаачилга нь Монгол улс, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орнуудын хамтын ажиллагаанд суурилсан элс, шороон шуурганы хил дамнасан нөлөөллийг бууруулахад чиглэжээ.
Мөн шуурга үүсэх эх үүсвэр бүхий бүс нутагт газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх арга хэмжээг шуурганы нөлөөнд өртөж буй бүсийн хамгаалалттай уялдуулах асуудлыг онцолсон.
Элс, шороон шуурга нь хүний эрүүл мэнд, амьжиргаа, экосистем болон газрын доройтолд сөргөөр нөлөөлдөг бөгөөд Монгол улс зэрэг хуурай, хагас хуурай бүс нутгийн орнуудад онцгой сорилт болж байгаа юм. Манай улсын хувьд газар нутгийнхаа 77 орчим хувийг нь газрын доройтолд өртсөн.
Уг бага хурал энэ сарын 17-28-нд “Газрыг сэргээж, итгэл найдвараа сэргээе” уриа дор үргэлжилж байгаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талын буюу 197 орны төлөөлөгчид оролцож буй.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар
Сэтгэгдэл үлдээх