Х.Амаржаргал: Анх удаа Монголынхоо геопаркийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна

Ц.Чимэдцэеэ
2026-08-25

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Талуудын 17-р бага хурал 9 дэх өдрөө “Усны өдөр” сэдвийн хүрээнд үргэлжиллээ. Улмаар оролцогч талууд усны нөөцийг хамгаалах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх, гачигдал, тоосжилтыг бууруулах талаар хэлэлцэв.

Дээрх асуудлыг даван туулахад Рио Тинто Монгол групп "Ухаа заг", "Эрүүл ой", “Ханбогд–Шар цав геопарк” зэрэг байгаль орчны төслүүдээр хувь нэмэр оруулж байна.

Тэгвэл энэхүү төслүүдээ тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал танилцууллаа.

"Ухаа заг" төсөл

Рио Тинто групп Оюу толгой ХХК-тай хамтран тус төслийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 300 га талбайд заг мод тарьж, элсний нүүдлийг сааруулан хөрсний элэгдлийг бууруулах зорилготой шаргуу ажиллаж буй.

Энэг нь нэг удаагийн тариалалтаар хамгийн том талбайд заган ойжуулж тохиолдол.

Төслийг хэрэгжүүлэхдээ цөлжилттэй тэмцэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын M-Grass Ecology and Environment Group (M-Grass) компанитай хамтран ажиллаж, тэдний дэвшилтэт технологи, туршлагыг Монголын нөхцөлд нутагшуулж байна. 

M-Grass нь цөлжилттэй тэмцэх чиглэлд олон жилийн судалгаа, туршилтад суурилсан арга технологиороо өргөн туршлагатай. Тус компани нь дэлхий даяар  2100 гаруй төсөл хэрэгжүүлж, нийт 2.2 сая га талбайг нөхөн сэргээжээ.  

НҮБ-ын мэдээлснээр Монгол Улсын газар нутгийн 80 орчим хувь нь газрын доройтолд өртөөд байна. Иймд Говийн бүсэд хэрэгжиж буй энэхүү төсөл нь газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгахад чухал хувь нэмэр оруулах юм. 

Х.Амаржаргал захирал хэлэхдээ "Цаашид энэ тарьсан ойгоо хамгаалах, арчлах, бүрэн биежүүлж, насанд хүрсэн мод хүртэл нь арчлахаар мэргэжилтнүүд ажиллуулж байгаа. Орон нутгийн засаг захиргаа болон орон нутгийн иргэдтэй хамтарч хийж байгаагаараа ач холбогдолтой" хэмээж байв.

"Эрүүл ой" төсөл

Монгол орны ой модны эко системийг доройтуулж буй гол хүчин зүйлсийн нэг болох хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилготой “Эрүүл ой” төслийг амжилттай хэрэгжүүлж, 2022 оноос хойш нийт 1 тэрбум модыг хамгааллаа.

Ой мод хоёр жил дараалан шавжид идүүлэхэд дахин сэргэхгүйгээр үхжиж хувхайрдаг. Иймд яаралтай сэргийлэх хариу арга хэмжээ авч, хөнөөлийн голомтыг хумих тус төсөлд Рио Тинто компани 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах байгууллага (ICCF)-тай хамтран хэрэгжүүлээд байна.

Үр дүнд нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга, үр дүн, бэлэн байдал сайжирч, Монгол Улсын ойн хортонтой тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Мөн үндэсний ойн менежментийн чадавх, мэдлэг туршлага нэмэгдэж, ойн нөөцийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор ойн тэсвэртэй, эрүүл байдлыг хамгаалах арга хэмжээний урт хугацааны цогц стратеги боловсруулсан.

"Ханбогд–Шар цав" геопарк төсөл

Өмнөговь болон Дорноговь аймгийн 4 сумын нутгийг дамнан 300 сая жилийн түүхийг агуулсан 25 дурсгалт газрыг хамарсан Монгол Улсын анхны Дэлхийн геопаркийг байгуулахаар ажиллаж байна.

Шар цавын үлэг гүрвэлийн мөр, Ханбогдын шүлтлэг боржингийн массив, Сүйхэнтийн чулуужсан ой, Эргэлийн зоо болон Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Дэмчог хийд зэрэг багтана.

ЮНЕСКО болон "Рио Тинто Монгол" компанийн хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай болзлуудыг хангаж, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд бүртгүүлэх хүсэлтээ албан ёсоор илгээхэд бэлэн болсон байна.

Ташрамд дурдахад, ЮНЕКСКО-д бүртгэлтэй 241 геопарк байдаг. 

Дэлхийн эдгээр гайхамшиг, байгаль, геологи, түүх, соёлын өв олон улсын 51 орны газар нутгийг хамран оршиж байна. Товчхондоо, олон улсын шинжлэх ухааны ач холбогдолтой, нэн ховор эсвэл нэн үзэсгэлэнтэй геологийн тогтоц, байгалийн төрх бүхий газар нутгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) Дэлхийн геопарк хэмээн ач холбогдлыг нь үнэлэн нэрийддэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe