Монголын хөлбөмбөгийн холбоо Жанни Инфантинод "үнэнч"

.Graph
2026-08-25

Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантиног тойрсон дуулиан үргэлжилсээр байна.

Хөлбөмбөгийн ДАШТ дуусаад дөнгөж нэг сар өнгөрч байхад ФИФА-ийн "босс" хөлбөмбөгийн ертөнцийн дийлэнх хэсгийг өөрийн эсрэг болгож амжлаа.

Түүний санаачилсан ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг эзэмших компани байгуулж, тодорхой хувийг хөрөнгө оруулагчдад( Трампын хүргэний дүү тэргүүтэй) зарах төсөл ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, Европын хөлбөмбөгийн холбоо( УЕФА)-ны гишүүн бүх орон санал нэгтэй ДАШТ-ийг бойкотлоно гэж мэдэгдэл гаргасны дараа Инфантино саналаа ( төслөө) татаж буйгаа мэдэгдэж, дахин энэ асуудлыг хөндөхгүй гэж хэлсэн.

Хэрэг явдал ингээд дууссангүй.

Инфантиногийн хөлбөмбөгийг зарах гэсэн төслийг шүүмжилсэн ФИФА-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Лямурыг ФИФА-гийн босс ажлаас нь халав.

Үүнтэй зэрэгцээд Английн өдөр тутмын "The Telegraph" Жанни Инфантино УЕФА-д ерөнхий нарийн бичгээр ажиллаж байх үедээ (2011 оны үед) нэгэн бүсгүйг УЕФА-ийн томоохон албан тушаалд ажиллуулж, жилд 170 000 еврогийн цалин олгож байсан "хэргийг" сөхөв. Инфантино тэр бүсгүйтэй хувийн харьцаатай байсан тул тухайн үед УЕФА-ийн ерөнхийлөгч байсан Мишель Платини Жаннид нэг эсвэл тэр бүсгүйг халах, эсвэл өөрөө халагдах гэсэн шаардлага тавьсан гэж ч бичиж.

2011 оны сүүлчээр хэргийн эзэн, хэнгэргийн дохиур бүсгүй УЕФА-аас ямар ч байсан гарч. Гэвч халагдсаны төлбөр болон мастер хамгаалах сургуулийн төлбөрт УЕФА нийтдээ 175 000 евро шилжүүлсэн гэж мэдээлэв.

Инфантиногийн "хар дарсан зүүд" ингээд дууссангүй.

Хөлбөмбөгийн ертөнцийн итгэлийг эвдсэн Жанни Инфантиног ФИФА-г удирдах ёс зүйгүй, цаашид итгэл хүлээлгэх боломжгүй гэж УЕФА болон Конкакаф ( Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо) , Азийн хөлбөмбөгийн холбоо үзэж буй бөгөөд Инфантиног ажлаа өгөхийг шаардсан ил захидлыг илгээв.

Мөн ФИФА-ийн найман дэд ерөнхийлөгчийн тав нь Инфантиног огцрох ёстой гэж мэдэгдэв.

Гэхдээ Инфантино ядаж ирэх оны гуравдугаар сард болох ФИФА-ийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл суудалдаа үлдэх, сонгууль болтол өөртөө санал өгөх гишүүн холбоодын тоог нэмэхийг ихэд хичээж буй.

Одоогоор 26 орны хөлбөмбөгийн холбоо Инфантиног илтэд дэмжиж байгаа аж.

Үүнд : Аргентин, Марокко, Мексик, Катар, Египет, БНА Конго улс, ӨАБНУ, Парагвай, Нигери, МОНГОЛ, АНЭУ, Жибути, Коморын арал, Мавритан, Кувейт, Нигер, Шри Ланка, Индонез, Ливан, Бутан, Филиппин, Гамби, Уганда, Малави, Судан, Бангладешийн хөлбөмбөгийн холбоод.

Энд ашиг сонирхлын зөрчилтэй нилээд хэдэн холбоо байна. Мексик Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны ( Конмебол) гишүүн болохоор Инфантиног лоббидож байгаа бол Марокко Жанниг дэмжиснийхээ шанд 2030 оны ДАШТ-ий финалыг Испаниас шилжүүлж авахаар тохироо хийж буй гэсэн мэдээлэл байгаа.

Аргентиний хөлбөмбөгийн холбооны 300 сая долларын "мөнгө угаасан" хэрэгт ФИФА нүдээ аниад, чихээ бөглөөд мэдэхгүй царайлсан байж магадгүй болоод байгаа. Парагвай "босс"-д тал засч байгаад 2030 оны ДАШТ-ий нилээд хэдэн тоглолт авах санаатай буй гэж байна.

Катар бол ФИФА-тай эртний "андлалтай". За бусад орнууд бол мэдээж "мөнгө мөнгө мөнгө" гэж "дуулж" буй биз.

Гэхдээ ФИФА-аас авсан мөнгөө хөлбөмбөгийн хөгжилд, хүүхэд багачуудын ирээдүйд зарцуулдаггүй улс ихэнх нь байна даа.

Ер нь УЕФА, Конкакаф, Азийн хөлбөмбөгийн холбоо Жаннигийн эсрэг, Харин Өмнөд Америк (Conmebol), Африк ( CAF), Далайн орнуудын ( OFC) хөлбөмбөгийн холбоод " даргын талд" байгаа.

ФИФА -ийн дүрэм ёсоор гишүүн 211 орны 43 нь л бичгээр хүсэлт гаргахад ФИФА-ийн ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой. УЕФА дангаараа ( 55 гишүүнтэй) ээлжит бус чуулганыг хуралдуулах санал гаргаж чадна.

УЕФА, Конкакаф( 35 гишүүнтэй), Азийн хөлбөмбөгийн холбооны(46 гишүүнтэй) санал 136 хүрэх боломжтой ч бүх гишүүд тивийн холбоотойгоо ( удирдлагуудтай) нэг байр суурьтай байх нь эргэлзээтэй.

УЕФА, Конкакаф, Конмебол, ОФС гишүүд бол нэгдсэн байр суурь дээр зогсож чадна.

Харин хамгийн барьцгүй нь Африк, Азийн холбооны гишүүн орнууд.

Африкийн холбоо ( 54 гишүүнтэй) нь Инфантиног дэмжиж буй ч хамгийн сүүлийн байдлаар 15 гишүүн орон дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна.

Азийн хөлбөмбөгийн холбоо ФИФА-ийн боссын эсрэг байгаа ч зарим гишүүн орнууд Инфантиногийн талд байгаа бөгөөд тэдний нэг нь Монголын хөлбөмбөгийн холбоо!!!

Монголын хөлбөмбөгийн холбоо ойр ойрхон хоёр ч албан ёсны мэдэгдэл гаргаж, Инфантинод "үнэнч" гэдгээ батлан харуулж, байна.

Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул! гэдэг үг бий.

ФИФА-ийн боссын суудалдаа үлдэхээр, дахин сонгогдохоор улайран (2016 онд анх ээлжит бус чуулганаар сонгогдсон, түүнээс хойш 2019, 2023 онд ганцаараа нэр дэвшиж сонгогдсон) эрх мэдлээ ашиглан элдэв зүйл амлаж буй, хөлбөмбөгийн ертөнцөд хэдийнээ итгэл алдсан Инфантинод тал засч, тивийнхээ хөлбөмбөгийн холбооноос эсрэг байр суурь илэрхийлж, дахин дахин мэдэгдэл гаргаж суухдаа ичдэггүй юм уу, Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ Монголын нийт хөлбөмбөгчдийн байр суурь мөн үү?

Энэ МХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн санал мөн үү?

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe