Ерөнхий сайд юу гуйв?

Ц.Чимэдцэеэ
2024-04-08 116

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.

Ерөнхий сайдын ГУРВАН ГУЙЛТ

  • Ерөнхий сайд УИХ-ын гишүүдээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталж өгөхийг гуйлаа. 
  • Харин ард иргэдээс энэ хуульд анхаарал хандуулж, нийтээрээ дэмжихийг гуйлаа. 
  • Мөн бусад намуудаас нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг гуйлаа. 

Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хууль гэж юу вэ?

  • Үндэсний баялгийн сангийн хуулийг Норвегийн баялгийн сангийн загвар болон баялгийн үр өгөөжийг улс орны хэмжээний томоохон төсөлд зарцуулах Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурлан боловсруулжээ. 
  • Хамгийн гол нь байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Тиймээс баялгийн үр шимийг зөвхөн одоо үед амьдарч байгаа бид бус ирээдүй хойч ч хүртэх ёстой гэж үзэж баялаг тойрсон хулгай, луйвар гаргахгүйн тулд  олон нийтэд ил тод болгох аж
  • Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван сангаас бүрдэнэ. 
  1. Ирээдүйн өв сан
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан болон Бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувийг энэ санд хуримтлуулна. 
  • Хуримтлуулсан мөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах, менежмент хийх, нэгдсэн удирдлагаар хангана. 
  1. Хуримтлалын сан
  • Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрүүлнэ. 
  • Уг мөнгийг иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулна.
  1. Хөгжлийн сан
  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох орлогын 50 хувийг хуримтлуулна. 
  • Энэ мөнгөөр метро, шинэ хот байгуулах зэрэг нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлнэ. 

Хууль хэрэгжиж эхэлснээр гарах өөрчлөлт 

  • Стратегийн ордны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг заавал нээлттэй хувьцаат компани болгоно.
  • Стратегийн ордны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдээр дамжин эзэмшихгүй болгоно.
  • Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувийн татвар ногдуулах зэрэг эрх зүйн орчин бүрдүүлнэ. 

Үндэсний баялгийн санг яагаад байгуулах болов?

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр:

  • Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүний дийлэнх хувийг ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж суурь зарчмыг баталгаажуулжээ.

Олон улс дахь Үндэсний баялгийн сангийн жишиг

Kuwait Fund: Эдийн засгаа тогтворжуулахад хэрэглэдэг. 

China Investment Corporation: Ханшийн зөрүүний шокоос хамгаалахад хэрэглэдэг. 

Singapore’s Temasek Holdings: Өндөр үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд зарцуулдаг. 

Norway Pension Fund: Хойч үедээ хадгалдаг. 

Saudi Arabia Public Investment Fund: Улсынхаа дотоод хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд ашигладаг. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe