Иргэн Б-ийн бага хүүхэд болох нэг ойтой охин нь өндөр халуурч, халуун нь буурахгүй байсан тул ЭХЭМҮТ-д үзүүлжээ. Эх нялхас харьяаллынхаа дагуу хэвтэн эмчлүүлэх бичиг хийж өгчээ. Ингээд БГД-ийн хүүхдийн эмнэлгээ хайсаар яваад Монголын үндэсний их сургуулийн хэд хэдэн давхрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй газар иржээ. Тэд эмчийн хяналт дор эмчилгээ эхлүүлсэн ч тухгүй, хүйтэн, хүүхдийн асаргаа сувилгаа хийх боломжгүй орчинд хэвтэж байгаа аж.
Бөөлжиж суулгасан хүүхдүүд халуун усгүй өрөөнд байна. Нялхсын бөгсийг угааж, хуурайлж, асрах ёстой боловч халуун саваар ус зөөн аргацааж байгаа аж.
Үүнээс гадна байнгын эм тан ууж байгаа хүүхдүүддээ эм уулгах ус цэвэршүүлэгчгүй. Зөвхөн 6 давхартаа ганц ус цэвэршүүлэгчтэй. Ус буцалгагч ч үгүй, хүйтэн тухгүй орчинд нялх хүүхдүүдээ харж, асарч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Аргаа бараад гэрээсээ тень авчруулж өрөөндөө залгуулжээ. Гэсэн ч хүйтэн өрөөнд хүүхдээ асарч байгаа ээж нь хүртэл 2 хоноод л нус нь гоожиж, байнгын даарсаар бие нь арзайж халуурч эхэлжээ.

Ингээд ч бэрхшээл дууссангүй. Хүүхдийг хатгаа болсон эсэхийг нь шалгах цээжний рентген хийх өрөө нь B1 давхартаа байрладаг. Яваад очтол ундуй сундуй эвдэрхий орчин угтана. Маш хүйтэн. Халуурч уйлагнан, хоол ундаа ч идэхгүй өвчиндөө шаналж буй хүүхдээ маш хүйтэн газар цээж нүцгэлээд үзүүлсэн ээж бухимдалтай, гомдолтой байна.
БГД-ийн хүүхдийн эмнэлэг түрээсийн байранд ирээд 2 сарын хугацаа өнгөрч байгаа нь энэ юм.
Энэ бол ханиад томууны үе дөнгөж эхэлж байхад Монгол Улсын хүүхдэдээ үзүүлж буй төрийн үйлчилгээ. НДШ, ЭМД төлснийхөө хариуд шаардлагатай үед л эмнэлэг бараадан тусламж үйлчилгээ авдаг. Гэтэл халуун усгүй, лифтний хаалга нь эвдэрсэн, хувийн хэвшлийн сургуулийн бөөрөнд бүтэн дүүргийн хүүхдүүдийг хүлээн авч, өвчнийг нь хүндрүүлж байна уу
Энэ талаар бид тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Идэр “БГД-ийн хүүхдийн эмнэлэг нь 1986 онд ашиглалтад орсон. Насжилт хэтэрсэн шалтгаанаар актлагдсан. Актлагдах хүртлээ мөөгөнцөртэй байранд үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд энэ оны хавар БГД-ээс тендер зарлаж, хүүхдийн эмнэлгийг нүүлгэн, түрээслэх боломжтой газруудыг сонгон шалгаруулсан. Тийнхүү 2000 ам метр гаруй талбайг түрээсэлж, 9 сараас тус байранд хүүхдийн эмнэлэг нүүж орсон. 1 давхартаа яаралтай түргэн тусламж, 11-12 давхартаа хэвтэн эмчлүүлэх байдлаар нийт 150 ортой үйл ажиллагаа явуулж байгаа. Цонхноос дулаан алдаж сийгж байгаа тул өчигдөр силикондсон” хэмээн мэдээллээ.
Угтаа бол БГД-ийн хүүхдийн эмнэлгийг шинээр барих зураг төслийн мөнгийг суулгуулах саналтай байсан ч төсөвт тусгасан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Үндэсний их сургуулийн түрээсийн байранд багадаа 2 жил байх тул дулаалга, дулаан алдалт, эвдэрхий зэргийг нь хэлж шаардлага тавьж ажиллах болно гэдгийг мөн онцолсон юм.
Сэтгэгдэл үлдээх
Бянгол дүүрэгээ тараагаад Хан Уул Чингэлтэй Сонгинохайрханд Алтай хотхон нь 20 жил нэг ч сургуульгүй Жмнэлгүүд нь байргүй эзэн байдгийм уу
Соёлмаа
Дэмжих үү?
0 0