О.Анужин
К-Поп урсгалын домогт хамтлаг “БИГБАНГ|BIGBANG” 20 жилийн ойгоо тохиолдуулан “BIGBANG 2026-2027 WORLD TOUR” дэлхийн аялан тоглолтоо эхлүүллээ.
Бүрэн бүрэлдэхүүнээр бус одоогийн гурван гишүүн болох G-Dragon, Taeyang, Daesung нарын хамтарсан 2017 оноос хойших анхны дэлхийн аялан тоглолт болж байна.
Эхний тоглолт 21-23-нд БНСУ-ын Гоянг хотын стадионд болж, өчигдөр дууслаа. Бүх тоглолт үзэгчээр дүүрэн байсан ба хамтлаг 20 жилийн уран бүтээлийн замналаа тайзнаа эргэн сануулсан байна.
Тоглолтыг “Fantastic Baby” дуугаар эхлүүлж, “Hands Up”, “Tonight” зэрэг хит бүтээлүүдээ хүргэсэн бөгөөд G-Dragon “Tonight” дууны үеэр гитараа хугалсан нь тоглолтын онцлох мөчүүдийн нэг болжээ.
YG Entertaiment мэдээлснээр “XX : COSMOS” 19 хотод 33 тоглолт хийхээр төлөвлөсөн. Гоянгийн дараа есдүгээр сарын 4-5-нд АНУ-ын Окланд хотод, есдүгээр сарын 11-нд Нью-Жерсид, үүний дараагаар Парис, Лондон, Тайпэй, Сингапур, Ханой, Сидней, Бангкок зэрэг хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх бөгөөд хамгийн сүүлийн зарлагдсан хуваариар BIGBANG 2027 оны хоёрдугаар сарын 27, 28-нд Тайванийн Каошюнд хотод аялан тоглолтоо өндөрлүүлэхээр байна.
BIGBANG аялан тоглолтоо эхлүүлэхийн өмнө 20 жилийн ойдоо зориулан “BiiiG” нэртэй шинэ дуугаа наймдугаар сарын 19-нд цацсан. Энэ нь хамтлагийн 2022 онд гаргасан “Still Life” дуунаас хойших анхны шинэ уран бүтээл юм.
Мөн наймдугаар сарын 23-ны Гоянг дахь тоглолтын үеэр гишүүд шинэ уран бүтээл гаргах талаар дахин ярьсан байна..
G-Dragon “Би хийвэл шууд хийдэг” хэмээн хариулсан нь BIGBANG-ийн шинэ дуу тун удахгүй сонсогдох боломжтой гэсэн хүлээлтийг фэнүүдийн дунд үүсгэжээ.
Ийнхүү 2006 онд таван гишүүнтэйгээр дебют хийж байсан BIGBANG өдгөө G-Dragon, Taeyang, Daesung гэсэн гурван гишүүнтэйгээр 20 жилийн түүхээ шинэ тайзан дээр үргэлжлүүлж байна. “XX : COSMOS” нь хамтлагийн олон жилийн дараах дэлхийн хэмжээний эргэн ирэлт төдийгүй К-Поп-ийн нэгэн үеийн төлөөлөл болсон BIGBANG хамтлагийн өнөөгийн байр суурийг дахин харуулж буй томоохон аялан тоглолт болж байна.
Эх сурвалж: YG Entertainment
Сэтгэгдэл үлдээх